ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗААВАР Хэвлэх
Бичсэн admin   
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 04:31

Гадаад харилцаан сайдын 2009 оны
8 дугаар сарын .....өдрийн .....тоот
тушаалын хавсралт
ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН
ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРМИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хилийн чанадад эрх ашиг нь хохирсон, төлбөрийн чадваргүй болсон Монгол Улсын иргэнд туслах сангийн хөрөнгийг зарцуулах, зөвшөөрөл олгох, санг бүрдүүлэх, гүйцэтгэлийг хангах, тайлагнах, хяналт тавихдаа Засгийн газрын 2008 оны 110 дугаар тогтоолоор батлагдсан Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм болон энэхүү зааврыг баримтална.
1.2. Энэхүү заавар нь Хилийн чанадад эрх ашиг нь хохирсон бөгөөд төлбөрийн чадваргүй нь холбогдох хууль хяналтын болон орон нутгийн байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон Монгол Улсын иргэнд үйлчилнэ.
1.3. Заавар Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн албан томилолтоор гадаадад зорчиж яваа иргэнд хамаарахгүй.
1.4. Сангийн хөрөнгөөс үзүүлэх нэг удаагийн тусламжийн хэмжээ найман сая төгрөг хүртэл байна.
1.5. Тусламжийг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцож, төгрөгтэй тэнцэх суугаа орны валютаар олгоно.

Хоѐр. Сангийн эх үүсвэр
2.1. Сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
2.1.1. улсын төсвийн хөрөнгө
2.1.2. гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн буцалтгүй тусламж, хандив.
2.2. Улсын төсвөөс Санд олгох хөрөнгийг төрийн сан дахь Гадаад харилцааны яамны тусгай дансанд байршуулна.
2.3. Сангийн ажлын алба улсын төсвөөс Санд олгох хөрөнгийн хэмжээг өмнөх онд Санд төвлөрүүлсэн орлого болон гарсан зардлын гүйцэтгэл, жилийн эцсийн үлдэгдлийг харгалзан төлөвлөж, тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдэл болон улсын төсвийн төсөлд тусгана.
2.4. ДТГ-ын тэргүүн нар гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн буцалтгүй тусламж, хандивыг тусгай данс нээж байршуулах бөгөөд хөрөнгийн үлдэгдлийг /дансны хуулгыг/ улирал бүрийн эхний 10 хоногт багтаан Сангийн ажлын албанд мэдэгдэж байна.
2.5. Тухайн санхүүгийн жилд зарцуулагдаагүй Сангийн хөрөнгийн үлдэгдлийг дараа жилийн төсөв дээр нэмж батлуулна.
2.6. Сангийн зарцуулалтын тайланг улирал тутам гаргаж, жилд нэг удаа олон нийтэд мэдээлнэ.
Гурав. Тусламж олгох нөхцөл
3.1. Тусламж олгохдоо хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрмийн дөрөв, /Сангийн хөрөнгийг зарцуулах нөхцөл, шаардлага/, тавдугаар /Өргөдөл гаргах, хянан шийдвэрлэх ажиллагаа/ зүйлд тус тус тусгагдсан нөхцөлийг нарийн чанд баримтална.
3.2. Ажлын алба болон ДТГ-ын тэргүүн нар бичиг баримтын бүрдүүлэлтэд хяналт тавина.
Дөрөв. Сангийн удирдлага, зохион байгуулалт
4.1. Сангийн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг ажлын алба гүйцэтгэн явуулах бөгөөд зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах үүрэгтэй.
4.2. Сангийн зөвлөлийн даргын эзгүйд дэд дарга зөвлөлийг хуралдуулж шийдвэр гаргана.
4.3. Тусламж хүссэн өргөдлийг ажлын алба ДТГ-аас хүлээн авмагц ажлын 3 өдөрт багтаан Сангийн зөвлөлөөр шийдвэрлэнэ.
4.4. Онцгой тохиолдолд Сангийн зөвлөлийн 4-өөс доошгүй гишүүдийн гарын үсгээ зурж баталгаажуулсаны үндсэн дээр тусламж олгох эсэхийг шийдвэрлэнэ.
Эдгээрийн дотор зөвлөлийн дарга, дэд дарга эсхүл нарийн бичгийн даргын гарын үсэг байна.
4.5. Тусламж үзүүлэх эсэх асуудлаар гаргасан Сангийн зөвлөлийн шийдвэр эцсийн байна.
4.6. Тусламж үзүүлэх ажлыг шуурхай болгох үүднээс Сангийн зөвлөлийн шийдвэрийн дагуу тусламжийн мөнгийг ДТГ-ын төсвийн хөрөнгөөс урьдчилан зарцуулж, санхүүгийн баримтыг үндэслэн буцаан шилжүүлэх арга хэмжээ авч болно.