ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРЭМ Хэвлэх
Бичсэн admin   
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 04:30

Засгийн газрын 2008 оны 110 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН
ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.16-д заасан Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан (цаашид “Сан” гэх)-гийн хөрөнгийг зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
1.2. Сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

Хоѐр. Сангийн эх үүсвэр
2.1. Сангийн хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
2.1.1. улсын төсвийн хөрөнгө;
2.1.2. гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн буцалтгүй тусламж, хандив.
2.2. Гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага улсын төсвөөс Санд олгох хөрөнгийн хэмжээг өмнөх онд Санд төвлөрүүлсэн орлого болон гарсан зардлын гүйцэтгэл, жилийн эцсийн үлдэгдлийг харгалзан төлөвлөнө.
2.3. Гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн хөрөнгийн хэмжээг санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасан журмын дагуу хянаж, тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдэл болон улсын төсвийн төсөлд тусгана.
2.4. Сангийн хөрөнгийг төрийн сан дахь гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай дансанд байршуулна.

Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт
3.1. Сангийн удирдлага нь 7 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус Сангийн зөвлөл байна.
3.2. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сангийн зөвлөлийн дарга байна. Сангийн зөвлөл нь дэд дарга, гишүүд, нарийн бичгийн даргатай байна.
3.3. Сангийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд 5-аас доошгүй гишүүн оролцсоноор хурал хүчинтэйд тооцогдоно.
3.4. Сангийн зөвлөлөөр хэлэлцсэн асуудлыг Сангийн зөвлөлийн 4-өөс доошгүй гишүүний саналаар шийдвэрлэнэ. Хурлын тэмдэглэлд Сангийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
3.5. Сангийн зөвлөл нь дараахь эрх, үүрэг хүлээнэ:
3.5.1. Сангийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, хяналт тавих;
3.5.2. тусламж хүссэн өргөдлийг холбогдох дипломат төлөөлөгчийн газрын саналын хамт хянаж, тусламж үзүүлэх эсэхийг шийдвэрлэх;
3.5.3. шаардлагатай бол гадаад, дотоодын байгууллага, иргэдээс нэмэлт мэдээлэл, тодруулга гаргуулж авах;
3.5.4. Сангийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын талаар гадаад хэргийн болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад санал тавих;
3.5.5. Сангийн хөрөнгийн зарцуулалт, иргэдэд үзүүлэх тусламжийн талаар дипломат төлөөлөгчийн газарт чиглэл өгөх, гүйцэтгэлийг нь хянах;
3.5.6. олон улсын байгууллага, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, бусад сантай хамтран ажиллах;
3.5.7. сангийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан байгууллага, албан тушаалтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлаар холбогдох байгууллагад санал оруулж шийдвэрлүүлэх.
3.6. Сангийн ажлын албаны үүргийг гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж гүйцэтгэнэ.
3.7. Дипломат төлөөлөгчийн газар нь иргэдээс тусламж хүссэн өргөдөл хүлээн авч энэхүү дүрмийн “Дөрөв”-т заасны дагуу хянан шалгаж, нөхцөл, шаардлагыг хангаж байгаа өргөдлийг өөрийн саналын хамт Сангийн зөвлөлд хүргүүлнэ.
3.8. Шаардлагатай бол дипломат төлөөлөгчийн газар нь суугаа болон хавсран суугаа орны байгууллага, иргэдээс нэмэлт мэдээлэл, тодруулга гаргуулж авна.
3.9. Дипломат төлөөлөгчийн газар нь Сангийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан иргэнд тусламж үзүүлнэ.
3.10. Дипломат төлөөлөгчийн газар нь иргэдэд үзүүлсэн тусламжийн талаар Сангийн зөвлөлд мэдээлэл өгч, холбогдох баримт материалыг хүргүүлнэ.

Дөрөв. Сангийн хөрөнгийг зарцуулах нөхцөл, шаардлага
4.1. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 17.2-т заасан зориулалтаар зарцуулна.
4.2. Сангийн хөрөнгөөс хилийн чанадад байгаа Монгол Улсын төлбөрийн чадваргүй иргэнд тусламж дэмжлэг үзүүлнэ.
4.3. Дараахь тохиолдолд Сангийн хөрөнгөөс тусламж олгоно:
4.3.1. хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарилыг эх оронд нь буцаах зардалгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах;
4.3.2. хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, алан хядах ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах;
4.3.3. хилийн чанадад хорих ял эдэлж байгаад, эсхүл албадан саатуулагдаж байгаад суллагдсан иргэнийг эх оронд нь буцаах;
4.3.4. гэмт хэргийн улмаас хохирсон буюу эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний улмаас төлбөрийн чадваргүй болсон иргэнийг эх оронд нь буцаах;
4.3.5. энэхүү дүрмийн 4.3.1-4.3.4-т заасан иргэний үндэсний гадаад паспортын хугацааг сунгах, буцах үнэмлэх олгох, эх оронд нь буцаахтай холбогдсон бусад үйлчилгээ үзүүлэх;
4.3.6. хилийн чанадад гэмт хэргийн улмаас хохирсон иргэнтэй холбоотой асуудлыг тухайн улсын холбогдох хууль хяналтын байгууллагаар хянуулах, эрх ашгийг нь хамгаалахад шаардагдах өмгөөлөгч, орчуулагчийг хөлслөх;
4.3.7. хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэнийг дипломат төлөөлөгчийн газраас эргэх.
4.4. Сангийн хөрөнгөөс үзүүлэх тусламжийн хэмжээг дараахь байдлаар тодорхойлж тооцно:
4.4.1. гарсан бодит зардлаар;
4.4.2. энэхүү дүрмийн 4.3.1-4.3.4-т заасан иргэнийг эх оронд нь буцаах замын зардлыг тухайн үеийн хамгийн хямд, дөт замаар буцаах тээврийн зардлаар;
4.4.3. энэхүү дүрмийн 4.3.5-д заасан тусламжийн хэмжээг Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, тухайн улсын визний хураамж, холбогдох дипломат төлөөлөгчийн газрын зардлын гүйцэтгэлээр.
4.5. Энэхүү дүрмийн 4.3.5-д заасан тохиолдолд тухайн иргэн үндэсний гадаад паспорт эзэмших, хадгалах журмыг зөрчсөн байвал Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан торгуулийг Сангийн хөрөнгөөс төлнө.
Тав. Өргөдөл гаргах, хянан шийдвэрлэх ажиллагаа
5.1. Сангийн хөрөнгөөс тусламж хүссэн өргөдлийг холбогдох дипломат төлөөлөгчийн газарт гаргана.
5.2. Өргөдлийг дараахь байдлаар гаргана:
5.2.1. иргэн биечлэн болон баталгаат шуудангаар;
5.2.2. эрүүл мэндийн буюу хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас өөрийн биеэр өргөдөл гаргах боломжгүй иргэний өргөдлийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч;
5.2.3. энэхүү дүрмийн 4.3.1-д заасан тохиолдолд өргөдлийг түүний гэр бүлийн гишүүн, хууль ѐсны төлөөлөгч, эсхүл тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, сонирхсон байгууллага болон консулын албан тушаалтан.
5.3. Өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
5.3.1. үндэсний гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг иргэний харъяаллыг тодорхойлох баримт бичиг, эсхүл тэдгээрийн баталгаажуулсан хуулбар;
5.3.2. тусламж үзүүлэх шаардлагатай болохыг нотлох суугаа орны цагдаа, шүүх, эмнэлэг зэрэг зохих байгууллага, иргэний тодорхойлолт, мэдүүлгийн эх хувь;
5.3.3. энэхүү дүрмийн 4.3.1-4.3.4, 4.3.6-д заасан тохиолдолд төлбөрийн чадваргүйг нотлох өрхийн ам бүл, орлогын хэмжээний талаар харъяалах баг, хороо, аймаг, нийслэлийн захиргааны байгууллагаас уламжлан авсан тодорхойлолт.
5.4. Дипломат төлөөлөгчийн газар өргөдлийг хүлээн авч энэхүү дүрмийн “Дөрөв”-т заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан шалгаж, шаардлага хангаж байгаа бол ажлын 3 хоногийн дотор өргөдлийг өөрийн саналын хамт Сангийн зөвлөлд цахим шуудангаар мэдүүлнэ.
5.5. Сангийн зөвлөл өргөдлийг дипломат төлөөлөгчийн газраас хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.
Зургаа. Сангийн хөрөнгийг зарцуулах
6.1. Сангийн зөвлөлөөс шийдвэр гарснаас хойш ажлын 2 хоногт багтаан Сангаас хөрөнгө гаргаж холбогдох дипломат төлөөлөгчийн газрын дансанд шилжүүлнэ.
6.2. Сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно.
Долоо. Сангийн гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих
7.1. Сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргана.
7.2. Сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
7.3. Гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Сангийн хөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор хэвлэлд нийтэлж нийтэд мэдээлнэ.
7.4. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу Сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шалгалт хийнэ.