Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 50 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2011 оны 11-р сарын 01, Мягмар гариг, 03:09

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 50 жилийн ойг тэмдэглэж, “Монгол Улс НҮБ-д – 50 жил” эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дугаар сарын 27-нд ГХЯ-нд зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ Монгол Улс өнгөрсөн ХХ зууны түүхэндээ олсон томоохон ололтын нэг нь 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон явдал гэж зүй ёсоор үзэж буйгаа тэмдэглэв. Тэрээр улс орноо олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн болгох эрхэм үйлсэд оролцож улсынхаа нэр хүнд, байр суурийг НҮБ-ын хүрээнд бэхжүүлэх, Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин зүтгэж явсан нийт дипломатчдад талархал илэрхийлж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. 

Тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нараас  тус тус илгээлт ирүүлснийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг, НҮБ-ын Суурин зохицуулагч Сезин Синаноглу нар уншиж танилцуулав.

Бага хурлын үеэр  “Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн түүх, түүний ач  холбогдол”, “НҮБ-ын үйл ажиллагаа дахь Монгол Улсын оролцоо, байр суурь, үр дүн”, “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа дахь Монгол Улсын зэвсэгт хүчний оролцоо”, “НҮБ-ын өнөөгийн өөрчлөлт шинэчлэлт ба Монгол Улс” зэрэг илтгэлийг хэлэлцүүлэв. Бага хуралд Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн дипломат ажилтнууд, төрийн байгууллагын төлөөлөл, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид зэрэг 150 гаруй хүн оролцов.

Түүнчлэн тэмдэглэлт ойг тохиолдуулан “Монгол НҮБ-ын хамтын ажиллагаа” нээлттэй хаалганы өдөрлөгийг ГХЯ-нд мөн зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, “Монгол Шуудан” компанийн тэргүүн дэд захирал Б.Буян нар Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан маркийг албан ёсоор нээв. Өдөрлөгийн нээлтийн үеэр “Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа” фото зургийн үзэсгэлэнг нээсний зэрэгцээ  ОУБГ-аас зохион байгуулсан “Монгол Улсын гадаад бодлого ба НҮБ” 100 асуулт хариултын тэмцээн, НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулсан Хүүхдийн зургийн уралдааны шагнал гардуулах ажиллагаа явагдав. Түүнчлэн оуютан сурагчдын хичээл сургалтад дэмжлэг үзүүлэх үүднээс НҮБ-ын түүх, судалгаа, лавлах зэрэг 70 гаруй ном, судалгааны материалыг Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагаас МУИС-ын Олон улсын харилцааны дээд сургуулийн номын санд хандивлав.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ой болон Монгол Улсын НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан МУИС-ын Олон Улсын Харилцааны Сургуулийн оюутнуудын дунд АХА асуулт хариултын цэнгээнт нэвтрүүлэгийг  “Монгол Улсын Гадаад бодлого ба НҮБ” сэдвээр зохион байгуулав.  Энэхүү АХА цэнгээнт нэвтрүүлэг 10 дугаар сарын 31-ний өдөр ТВ-9 телевизээр гарна.

 

Холбоос