Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Түркт байгаа иргэдийн анхааралд PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2011 оны 11-р сарын 01, Мягмар гариг, 02:46

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суух журам, тэдний эрх, үүргийг тогтоож, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын
тухай хууль тогтоомж, олон улсын гэрээ
1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
З дугаар зүйл. Гадаадын иргэн
Гадаад улсын харьяат мөн болохыг гэрчилсэн хууль ёсны нотолгоотой хүнийг гадаадын иргэн гэнэ.
4 дүгээр зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай Монгол улсын хуулийн хамаарах этгээд

Энэ хуулийн заалт нь Монгол Улсад зорчигч, тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөгч, түр буюу удаан хугацаагаар оршин суугч, байнгын оршин суугч цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүн / цаашид энэ хуульд"гадаадын иргэн" гэх/ -д хамаарна.
/Энэ зүйлд 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

5 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтнуудын
дипломат эрх яамба, дархан эрх
Энэ хуулийн заалт нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тогтоосон гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэстний байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтнуудын дипломат эрх ямба, дархан эрхийг хөндөхгүй.
6 дугаар зүйл. Улс төрийн орогнол
1. Монгол Улсад эрхэмлэн дээдэлдэг үзэл санааны төлөө хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэнд тус улсад оршин суух эрх олгож төрийн ивээлд авч болно. 2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гадаадын иргэнд тус улсад оршин суух эрх олгох тухай асуудлыг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
7 дугаар зүйл. Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх байгууллага
1. Гадаадын иргэн, харьяат, цагаачлалын талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба /цаашид "Алба" гэх/ хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллана.
2. Албаны зохион байгуулалтын бүтэц, дүрмийг Засгийн газар батална.

 

/Энэ зүйлийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Гадаадын иргэний эрх зүйн байдал
8 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх, үүргийн үндсэн зарчим
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгж байна.
2. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн тус улсын хууль тогтоомжоор өөрт нь олгогдсон эрх, эрх чөлөөг Монгол Улсын иргэний нэгэн адил эдэлж, үүрэг хүлээнэ.
З. Монгол Улс энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон Монгол Улсын олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх, үүргийг тодорхойлохдоо уг иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтална.
4. Гадаадын иргэн Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээгээр тодорхойлогдсон эрх, эрх чөлөөг Монгол Улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшаар эдэлж болохгүй.
9 дүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийг хүндэтгэх, хууль тогтоомжийг
сахин биелүүлэх
1. Гадаадын иргэн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоосон үүрэг хүлээнэ.
2. Гадаадын иргэн нь Монгол улсын Үндсэн хуулийг хүндэтгэж, хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний уламжлал, ёс заншлыг хүндэтгэх үүрэгтэй.
З. Гадаадын иргэн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол татвар төлөх үүрэгтэй.
1О дугаар зүйл. Гадаадын иргэний эрх, үүргийн онцлог
1. Гадаадын иргэн Монгол Улсын төрийн болон засаг захиргааны нэгж, хот, тосгоны өөрөө удирдах байгууллагад сонгох, сонгогдох эрх эдлэхгүй, ард нийтийн санал асуулгад оролцохгүй.
2. Гадаадын иргэн Монгол Улсын зэвсэгт хүчин, бусад цэрэгт алба хаах үүрэг хүлээхгүй.
3. Гадаадын иргэн Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллахгүй.
4. Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, бусад хэлбэрээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулж болохгүй.
/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5. Гадаадын иргэн Монголын үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулах, үндэсний ёс заншил, хуульд харш шашны урсгал, хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6. Гадаадын иргэн визийн хугацаа хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэнийг бүртгэх журам зөрчин өөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид зорчихийг хориглоно./Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

7. Гадаадын иргэн улсын онц чухал объект гэж хуулиар тогтоосон газарт Засгийн газрын зөвшөөрснөөр ажиллаж болно.
/Энэ хэсгийн дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 6 байсныг 7 болгон өөрчилсөн/
8. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хүний салшгүй эрхээс бусад асуудлаар гадаадын иргэний эрх, эрх чөлөөнд хуулиар хязгаарлал тогтоож болно.
/Энэ хэсгийн дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 7 байсныг 8 болгон өөрчилсөн/
11 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэх

1. Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв буюу түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрөлтэйгээр энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар хориглосноос өөр ажил, албан тушаал эрхлэх, гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн, эсхүл төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газарт ажиллах, аж ахуйн нэгж байгуулан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж болно.
/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2. Монгол Улсад Засгийн газар хоорондын болон эрх бүхий байгууллагын гэрээний үндсэн дээр ажил, албан тушаал эрхэлж, суралцаж байгаа, түүнчлэн төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар ажиллаж байгаа гадаадын иргэн гэрээний хугацаа дууссан буюу хугацаанаас өмнө гэрээгээ цуцалсаны дараа хүсэлт гаргавал уг асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөр аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж, суралцаж болно.
3. Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч болон байнга оршин суугч, цагаачаас бусад гадаадын иргэн ирсэн зорилгоосоо гадуур орлого олохоор хувиараа буюу аж ахуйн нэгж, байгууллагад ажил, албан тушаал эрхэлж болохгүй.
4. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа аж ахуйн аливаа нэгж, байгууллага, иргэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв буюу түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээ байгуулж болно.
5. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв буюу түүний эрх олгосон байгууллага энэ зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасан зөвшөөрөл олгохдоо Албаны саналыг заавал авна. Алба татгалзсан тохиолдолд тухайн этгээдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй.
/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
.111 дүгээр зүйл. Гадаадын иргэдийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэл
Гадаадын иргэдийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, аймагт аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба эрхлэн явуулж, холбогдох мэдээллийг тухай бүр Албанд ирүүлж байна.
/ Энэ зүйлийг 1997 оны 10 дугаар зүйлийн 31-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын виз, Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх
12 дугаар зүйл. Монгол Улсын виз

1. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад зорчих гадаадын иргэн Монгол Улсын виз /цаашид "виз" гэнэ/ авсан байна.
/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .
2. Визийг хүчин төгөлдөр гадаад паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно. Визийг хавсралт хуудсан дээр олгож болно.
З. Виз нь дипломат, албан, энгийн гэсэн зэрэгтэй байна.
4. Виз нь орох, орох-гарах, гарах, гарах-орох, дамжин өнгөрөх зориулалттай нэг, хоёр, олон удаагийн гэсэн ялгаатай байна.
5. Виз олгох журмыг Засгийн газар Визийн загварыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

13 дугаар зүйл. Виз олгох байгууллага
1. Визийг дараахь байгууллага олгоно:
1/ гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
2/ Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба;
3/ гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар.
2. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор Монгол Улсын өргөмжит консул виз олгож болно..
/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .
/Энэ зүйлийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
14 дүгээр зүйл. Виз олгох байгууллагын эрх, үүрэг
1. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага виз олгох талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ бүх зэрэг, зориулалтын виз олгох;
2/ олгогдсон визийн зэрэг, зориулалтын үндэслэлийг хянаж өөрчлөх;
3/ виз олгохоос татгалзах, визийн хугацааг сунгах, олгосон визийг хүчингүй болгох;
4/ визийн талаархи нэгдсэн бүртгэл хөтөлж, холбогдох мэдээг тухай бүр Албанд хүргэх.
2. Алба нь виз олгох талаар дараахь эрх, үүрэгтэй:
1/ дипломат албан зэргийн визээс бусад виз олгох асуудлыг хянаж зөвшөөрөл өгөх;
/Энэ заалтад 2002 оны 4 дүгээр сарын 11-ний хуулиар нэмэлт орсон/
2/ Монгол Улсын олон улсын зорчигч, тээврийн хэрэгслийн харилцааны нээлттэй хилийн боомт дээр Монгол Улсад зорчигчид орох-гарах, дамжин өнгөрөх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд гарах виз олгох;
3/ Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүнд гарах,гарах-орох виз олгох;
/Энэ заалтын дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
4/ хууль тогтоомжид заасан үндэслэл байвал виз олгохоос татгалзах, түүний хугацааг богиносгох, визийн хугацааг сунгах, визийн ангиллыг өөрчлөх, олгосон визийг хүчингүй болгох;
/Энэ заалтын дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
5/ энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан визийн нэгдсэн бүртгэл хөтлөх;
/Энэ заалтын дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
6/ виз олгогч байгууллагуудаас ирүүлсэн визийн талаархи мэдээг нэгтгэх.
/Энэ заалтын дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
3. Монгол Улсын өргөмжит консул Монгол Улсад орох, орох-гарах, дамжин өнгөрөх виз олгож болно.
/Энэ зүйлийг 1997 оны 10 дугаар сарын 31, 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/ .
15 дугаар зүйл. Виз олгох үндэслэл

1. Монгол Улсад албан хэргээр зорчих гадаадын иргэнд дараахь үндэслэлийн аль нэг нь байвал виз олгож болно:
1/ Монгол Улсын төрийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий намын урилгатай бол;
2/ Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар,Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүний талаар тухайн газар байгууллагыг харьяалах улс, олон улсын байгууллагын албан ёсны хүсэлт, Монгол Улсын олон улсын гэрээний заалттай бол;
3/ Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, суралцах түүнчлэн гадаадын төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар ажиллахаар ирэх гадаадын иргэний хувьд гэрээ, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэй бол;
/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2. Монгол Улсад хувийн хэргээр зорчих гадаадын иргэнд дараахь үндэслэлийн аль нэг нь байвал виз олгож болно:
1/ Монгол Улсад оршин суух, буцаж явах хөрөнгийн эх үүсвэртэй бөгөөд түүнийгээ нотолсон баталгааг тухайн гадаадын иргэнээс буюу Монгол Улсад хүлээн авах байгууллага, иргэнээс гаргасан бол;
2/ Монгол Улсад хувийн хэргээр байнга оршин суух гадаадын иргэнд Монгол Улсын хууль болон олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн гэрлэлтийн гэрчилгээтэй бол;
3/ аялан жуулчлах, эмчлүүлж сувилуулах, ёслолд оролцох, гачигдал зэргээр ирэх тохиолдолд холбогдох гэрээ, урилга, Монгол Улсын хүлээн авах байгууллагын зөвшөөрөлтэй бол;
4/ ажил, албан тушаал эрхлэх, эрдэм шинжилгээний ажил хийх болон суралцах зорилгоор гадаад орноос ирэх хүмүүсийн хувьд тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэй бол;
5/ энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний хүсэлтээр нийслэлд Алба, аймагт цагдаагийн байгууллагаас зөвшөөрч олгосон урилгатай бол;
/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
З. Монгол Улсад цагаачлах гадаадын иргэнд дараахь үндэслэл байвал виз олгоно:
1/ Монгол Улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй бол;
2/ тухайн хүн Монгол Улсад оршин суух хөрөнгийн эх үүсвэртэй бөгөөд түүнийгээ нотолсон баталгааг гаргасан бол.
4. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад зорчигч гадаадын иргэнд урилгагүйгээр виз олгож болно.
5. Энэ зүйлд заасан байгууллага, иргэн дипломат зэргийн визээс бусад виз олгуулах тухай хүсэлтээ Албанд ирүүлнэ. Алба хүсэлтийг хянан үзэж зөвшөөрсөн тохиолдолд виз олгох буюу виз олгуулахаар гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .

16 дугаар зүйл. Визийн хугацаа
1. Монгол Улсын визийг дор дурдсан хугацаагаар олгоно:
1/ Монгол Улсад зорчигч гадаадын иргэнд орох-гарах визийг 30 хүртэл хоног;
2/ Монгол Улсад түр оршин суугч гадаадын иргэнд 90 хүртэл хоног;
3/ олон удаагийн визийг 6, 12 сар;
4/ гарах визийг 10 хүртэл хоног;
/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
5/ дамжин өнгөрөх визийг 5 хүртэл хоног;
/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
6/ Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүнд гарах-орох визийг 120 хүртэл хоног.
/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2. Монгол Улсад зорчигч болон түр оршин суугч гадаадын иргэнд олгосон визийн хугацааг Албаны зөвшөөрлийг үндэслэн гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэг удаа 30 хүртэл хоногийн хугацаагаар сунгаж болно.
/Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ зүйлийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
17 дугаар зүйл. Монгол Улсад орох
Хүчин төгөлдөр гадаад паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичигтэй, Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй гадаадын иргэн хууль тогтоомжид заасан журмын дагуу Монгол Улсын хилийн боомтоор нэвтэрнэ.
18 дугаар зүйл. Монгол улсаар дамжин өнгөрөх
1. Хүчин төгөлдөр гадаад паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичигтэй гадаадын иргэн Монгол Улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авч Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрнө.
2. Гадаадын иргэн олон улсын нислэгээр Монгол Улсын нутгаар 24 цагийн дотор визгүйгээр дамжин өнгөрч болно.
/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19 дүгээр зүйл. Гадаадын иргэнийг Монгол Улсад орохыг үл зөвшөөрөх
Гадаадын иргэнийг дараахь үндэслэл байвал Монгол Улсад орохыг үл зөвшөөрнө:
1/ насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй хүн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол;
2/ Монгол Улсад байхдаа ял шийтгүүлж, ял шийтгэлтэйд тооцох хугацаа нь дуусаагүй бол;
3/ тааламжгүй этгээд гэж зарлагдсан буюу Монгол Улсаас албадан гаргагдсан бол
;/Энэ заалтыг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .
4/ Монгол Улсын үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг
хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахад харшилж байвал;
5/ Монгол Улсад амьдрах, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй бол.
/Энэ заалтыг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/ .
20 дугаар зүйл. Монгол Улсаас гарах, гарахыг түдгэлзүүлэх
1. Гадаадын иргэн Монгол Улсад байхыг зөвшөөрсөн хугацаанд багтаж тус улсаас гарч явах үүрэгтэй.
2. Гадаадын иргэнийг дараахь үндэслэл байвал дор дурдсан хугацаанд Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлнэ:
1/ гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол уг хэргийг шийдвэрлэх хүртэл;2/ эрүүгийн ял шийтгүүлсэн бол ял эдэлж дуусах, буюу ялаас чөлөөлөх, эсхүл тухайн хүнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэх хүртэл;
З/ бусад хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тухай нөгөө этгээд буюу байгууллагын өргөдөл, гомдол байгаа бөгөөд эрх бүхий байгууллага үүнийг үндэслэлтэй гэж үзсэн бол уг асуудлыг шийдвэрлэх хүртэл;
4/ Монгол Улсын үндэсний болон хүн амын аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах ашиг сонирхолд харшилж байвал.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Монгол Улсад зорчих, оршин суух
21 дүгээр зүйл. Гадаадын хүн Монгол улсад оршин суух
Хүчин төгөлдөр гадаад паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичигтэй гадаадын иргэн Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, энэ хуульд заасан үндэслэлийн дагуу Монгол Улсад зорчиж, оршин сууж болно.
22 дугаар зүйл. Монгол Улсад зорчигч, түр буюу удаан хугацаагаар оршин суугч, цагаач гадаадын иргэн

1. Энэ хуульд заасан үндэслэлээр Монгол Улсад 30 хоног хүртэл хугацаагаар албан болон хувийн хэргээр ирсэн гадаадын иргэнийг зорчигч гэнэ.
2. Монгол Улсад хувийн хэргээр 90 хүртэл хоногийн хугацаагаар байгаа гадаадын иргэнийг түр оршин суугч гэнэ.
/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .
3. Монгол Улсад Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах, ажил, албан тушаал эрхлэх, гадаадын төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд ажиллах болон тэдэнтэй адилтгах албан тушаал эрхлэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэнийг албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч гэнэ.
/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .
4. Хувийн хэргээр Монгол Улсад амьдрахаар 5 жилээс дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг цагаач гэнэ.
/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .
5. Монгол Улсын харьяат иргэнтэй гэр бүл болсон бөгөөд 90 хоногоос дээш хугацаагаар Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэнийг байнга оршин суугч гэнэ.
/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/ .
6. Монгол Улсад хувийн хэргээр 90 хоногоос 5 жил хүртэл хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч гэнэ.
/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/ .
7. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин нэг орноос нөгөөд зорчиж байгаа этгээдийг дамжин өнгөрөгч гэнэ.
/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

23 дугаар зүйл. Оршин суух хугацаа сунгах
1. Монгол Улсад албан, эсхүл хувийн хэргээр зорчигч, түр оршин суугч, албан, эсхүл хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэний оршин суух хугацаа сунгуулах тухай хүсэлтийг Алба хянан шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийг 1997 оны 10 дугаар сарын 31, 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/
24 дүгээр зүйл. Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 1 хувь, үүний дотор нэг улсын иргэн О, 33 хувь хүртэл байж болно.
2. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын О, 8 хувиас доош байгаа нөхцөлд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тус улсад оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оршин суух цагаачийн тоог улс орноор нь бүрэн эрхийнхээ хугацаанд нэг удаа, О, 8 хувиас дээш гарсан нөхцөлд жил тутам тогтооно.
/Энэ зүйлийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25 дугаар зүйл. Цагаач гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох, түүнийг сунгах,
хүчингүй болгох
1. Монгол Улсад байнга оршин суух, цагаачлан ирэх гадаадын иргэний хүсэлт, шаардагдах бусад баримт бичгийг Алба хянан үзээд улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж, хүлээн авах байгууллагын захиалга, байнга оршин суух, цагаачлах хүний боловсрол, мэргэжлийг харгалзан цагаачлах зөвшөөрлийг 5 жилээр оршин суух зөвшөөрлийг 90 хоногоос дээш хугацаагаар тус тус олгоно.
/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2. Байнга оршин суугч, цагаач гадаадын иргэний оршин суух хугацааг сунгах асуудлыг хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэдийн нэг улсаас байвал зохих тоонд багтаан Алба шийдвэрлэнэ. Монгол Улсад байнга оршин суугч болон цагаачлан суугаа 55, түүнээс дээш насны гадаадын иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг тухайн гадаадын иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчмыг баримтлан Зөвлөл хугацаагүй олгож болно.
/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3. Монгол Улсад цагаачлан ирсэн гадаадын иргэн жилд 120 хоногоос дээш хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй бол цагаачлан суух зөвшөөрлийг цуцлах эсэхийг Алба тухай бүр хянан шийдвэрлэнэ. Цагаачлан суух зөвшөөрлийг буцаан авахаар шийдвэрлэсэн бол энэ тухай цагаачлан суугаа гадаадын иргэнд мэдэгдэх бөгөөд тухайн хүн уг шийдвэрийг эс зөвшөөрвөл мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.
/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4. Цагаач гадаадын иргэн хууль тогтоомж ноцтой зөрчсөн бол зөвлөл түүнд олгосон Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгоно.
26 дугаар зүйл. Гадаадын иргэнийг бүртгэх
1. Монгол Улсад төрийн, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах байгууллагын урилгаар ирсэн болон зорчигчоос бусад гадаадын иргэнийг урьж ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тэдгээрийг ирсэн өдрөөс нь хойш 7 хоногийн дотор Албанд бүртгүүлнэ.
/Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2. Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, мөн хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа гадаадын иргэн, тэдгээрийн гэр бүлийн гишүүнийг Монгол Улсад ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ.
3. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, суралцахаар ирсэн гадаадын иргэн ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Албанд бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4. Хуульд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа цагаач гадаадын иргэн, харъяалалгүй хүн өөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид шилжин суурьших бол оршин сууж байсан нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулж, очсон газрын цагдаагийн байгууллагад 5 хоногийн дотор бүртгүүлж, оршин суух үнэмлэхдээ тэмдэглэл хийлгэнэ.
5. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа цагаач гадаадын иргэн, харъяалалгүй хүн ам бүлийнхээ байдал, хаяг, хөдөлмөр эрхлэлтийн талаархи хөдөлгөөн, өөрчлөлтийг 5 хоногийн дотор оршин суугаа газрын цагдаагийн байгууллага, Албанд мэдэгдэнэ.
6. Монгол Улсад албан, эсхүл хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харъяалалгүй хүн байнга оршин суугаа газраасаа өөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид 7 хоногоос дээш хугацаагаар хувийн хэргээр зорчвол очсон газрынхаа цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.
7. Цагдаагийн төв байгууллага нь Монгол Улсад орсон, гарсан, дамжин өнгөрсөн гадаадын иргэдийн мэдээг Албанаас тогтоосон маягтаар сар бүр авч гадаадын иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, мөн тус улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн, ял шийтгэлгүйд тооцогдож байгаа, Монгол Улсаас албадан гаргагдсан, олон улсын эрх бүхий байгууллагаас аливаа улс оронд орохыг хориглосон, эрэн сурвалжлагдаж байгаа гадаадын иргэний тухай мэдээг Албанд өгч байна.
8. Монгол Улсын хилээр орсон, гарсан, дамжин өнгөрсөн гадаадын иргэний бүртгэлийг хил хамгаалах байгууллага, хяналтыг Алба, цагдаагийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага хамтран зохион байгуулж, холбогдох байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангана.
9. Гадаадын иргэнтэй холбоотой бүх төрлийн мэдээг холбогдох төрийн захиргааны байгууллагууд албанд тогтоосон хугацаанд ирүүлж байна. Холбогдох төрийн захиргааны байгууллагуудын хооронд гадаадын иргэнтэй холбоотой мэдээллийн сүлжээ ажиллуулна. Мэдээлэл харилцан солилцох журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд батална.
10. Гадаадын иргэнийг бүртгэх, гадаадын иргэн Монгол Улсад түр болон удаан хугацаагаар оршин суух, байнга оршин суух, цагаачлах журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 1999 оны 10 дугаар сарын 14, 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/ .
27 дугаар зүйл. Харьяалалгүй хүн гадаадад зорчих
1. Монгол Улсад оршин суугаа харьяалалгүй хүн гадаадад зорчиж болно.
2. Гадаадад зорчих харьяалалгүй хүнд Албанаас баримт бичиг олгоно.
/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн ба энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
З. Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадад зорчих харьяалалгүй хүнд виз олгоход Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн холбогдох заалтыг баримтална.

28 дугаар зүйл. Монгол Улсад оршин суугаа цагаач, харьяалалгүй хүнд олгох баримт бичиг

1. Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Албанаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн аль нэгжийн оршин суугч болохыг тодорхойлсон "Монгол Улсад оршин суух үнэмлэх" олгоно.
/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2. Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүн гадаадад зорчихдоо оршин суух үнэмлэхээ нийслэлд Албанд хадгалуулж, бүрмөсөн явах тохиолдолд хураалгана.
/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, мөн 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн бөгөөд 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
З. Гадаадад зорчих харьяалалгүй хүнд олгох баримт бичгийн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
ТАВДУГААР БҮЛЭГ
Бусад асуудал
29 дүгээр зүйл. Гадаадын иргэнийг урих, ажиллуулах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хүлээх үүрэг
1.Монгол Улсад тодорхой хугацаагаар гадаадын иргэнийг урьсан, ажиллуулах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь дараахь үүрэгтэй:
1/ хууль тогтоомжийн дагуу зохих байгууллагад нь бүртгүүлэх;
2/ зөвшөөрөл авахын өмнө Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргасан байх;
3/ орон байраар хангах;
4/ хугацаанд нь буцаах.
/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2. Монгол Улсад байгаа гадаадын байгууллага, аж ахуйн нэгж нь гаднаас мэргэжлийн хүн, ажиллах хүч хууль тогтоомжийн дагуу урьж ажиллуулбал Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын нэгэн адил үүрэг хүлээнэ.
30 дугаар зүйл. Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах
1. Гадаадын иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал Монгол Улсаас дараахь үндэслэлээр албадан гаргана:
1/ Монгол Улсад хүчин төгөлдөр бус болон хуурамч бичиг баримтаар орж ирсэн буюу оршин суух хугацаа нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн;
2/ Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу буцаан авсан боловч тухайн гадаадын иргэн тус улсаас гарч явахаас зайлсхийсэн.
3/ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол.
/Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
4/ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан бол.
/Энэ заалтыг 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар намсэн./
2. Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Албаны саналыг үндэслэн гаргана. Албадан гаргах тухай шийдвэрийг Алба хил хамгаалах болон цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
З. Албадан гаргахад гарсан зардлыг гэм буруутай этгээд хариуцна.
4. Албадан гаргах нь улс хооронд ялтан шилжүүлэх асуудалд үл хамаарна.
5. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах журмыг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
З1 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
З2 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1994 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ
ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 20, Мягмар гариг, 02:20
 

Холбоос