Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Agreement on health cooperation PDF Print E-mail
Wednesday, 25 August 2010 04:19

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Түрк Улсын Засгийн газар /цаашид “Талууд” гэх/,
Талуудын хооронд эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихийг эрмэлзэн,
Дараах зүйлийг хэлэлцэн тохиров.
1 дүгээр зүйл
Талууд харилцан эрх тэгш ашиг сонирхолыг үндэс болгон эрүүл мэнд, анагаах ухааны салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжинэ. Хамтран ажиллах тодорхой чиглэлүүдийг Талуудын ашиг сонирхлыг харилцан хэлэлцсэний үндсэн дээр тогтооно.
2 дугаар зүйл
Талууд эрүүл мэнд, анагаах ухааны салбар дахь харилцан тохирсон хамтын ажиллагааг доорхи байдлаар хэрэгжүүлнэ:
а/  мэдээлэл солилцох,
б/ богино хугацааны сургалт, дадлагажих болон мэргэжил дээшлүүлэх дамжаа, зөвлөлдөх чиглэлээр мэргэжилтэн солилцох,
в/ анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллага, холбогдох сангууд болон бусад байгууллагын хооронд шууд харилцаа тогтоох,
г/ анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан болон нийгмийн эрүүл мэндийн салбарт харилцан хүлээн зөвшөөрсөн бусад хэлбэрийн хамтын ажиллагаа хөгжүүлэх,
3 дугаар зүйл
Талууд эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр өөрийн оронд зохион байгуулах олон улсын хурал, зөвлөлгөөний талаар мэдээлэл солилцох ба арга хэмжээний талаар нөгөө Тал хүсвэл холбогдох мэдээллийг өгнө.
4 дүгээр зүйл
Талууд эмийн бүтээгдэхүүн, эмийн сангуудын үйлчилгээний хүрээнд худалдаа хөгжүүлэх, хамрагдах асуудлаар хамтын ажиллагаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. 
5 дугаар зүйл
Энэхүү Хэлэлцээрийн хүрээнд хоёр талын хооронд солилцох мэргэжилтэн, бусад хүмүүсийн хувьд:
а/ илгээгч тал тухайн хүний замын зардлыг даана.
б/ хүлээн авагч тал тухайн хүний байр, хоол /шаардлагатай тохиолдолд/ улс доторх унааны зардлыг даана. Энэ хугацаа хоёр 7 хоногоос хэтрэхгүй байна. 
6 дугаар зүйл
Энэхүү Хэлэлцээрийн хэрэгжилтийг Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Түрк Улсын Эрүүл мэндийн яам тодорхойлно. 
Энэхүү Хэлэлцээрт тусгагдсан хоёр талын хамтын ажиллагааны салбар, чиглэлүүдийг Талууд шаардлагатай гэж үзвэл нэмэлт төлөвлөгөө, программд тусгаж болно.
7 дугаар зүйл
Энэхүү Хэлэлцээр хоёр талын дотоодын хууль дүрэмд харшлахгүй байна. Энэхүү Хэлэлцээр нь оролцогч талууд хэлэлцээрийг батламжилсан тухай дипломат ноот бичиг харилцан солилцсон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох ба 5 жилийн хугацаанд үйлчилнэ.
Хэлэлцэн тохирогч Талуудын аль нэг нь энэхүү Хэлэлцээрийн хугацааг дуусахаас 6 сарын өмнө хэлэлцээрийг цуцлах тухайгаа бичгээр мэдэгдээгүй тохиолдолд энэхүү Хэлэлцээрийн хугацаа 1 жил бүр аяндаа сунгагдана.
Энэхүү Хэлэлцээрийг Анкара хотноо 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр монгол, түрк, англи хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх хувиуд нь адил хүчинтэй байна. Хэлэлцээрийг тайлбарлахад санал зөрвөл англи хэл дээрх эх хувийг баримтална.

Монгол Улсын                Бүгд Найрамдах Түрк Улсын 
Засгийн газрын өмнөөс            Засгийн газрын өмнөөс
Эрүүл мэндийн сайд Т.Ганди        Эрүүл мэндийн сайд Рэжэп Акда


 

Links