Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Agreement on promotion and protection of investments PDF Print E-mail
Wednesday, 25 August 2010 04:17

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Түрк Улсын Засгийн газар /цаашид “Хэлэлцэн тохирогч талууд” гэх/,  
Хэлэлцэн тохирогч нэг талын хөрөнгө оруулагчаас Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихийг эрмэлзэн,
Энэхүү хөрөнгө оруулалтын харилцааны талаарх хэлэлцээр нь Хэлэлцэн тохирогч талуудын хөрөнгө оруулалтын урсгал, технологи, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэхийг хүлээн зөвшөөрч,
Хөрөнгө оруулалтын тогтвортой орчин нь эдийн засгийн нөөц ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэн, амжиргааны түвшинг дээшлүүлнэ гэдэгтэй санал нэгдэн,  
Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулахаар шийдвэрлэж,
Дараах зүйлийг хэлэлцэн тохиров.

1 дүгээр зүйл. Нэр томъёо
Энэхүү Хэлэлцээрт:
1. “Хөрөнгө оруулагч” гэж Хэлэлцэн тохирогч талын хувьд:
а/ Хэлэлцэн тохирогч нөгөө талын газар нутагт хөрөнгө оруулалт хийж байгаа Хэлэлцэн тохирогч аль нэг Талын иргэн, хувь хүн;
б/ Хэлэлцэн тохирогч нэг талын хөрөнгө оруулагч “чухал хувь” эзэмшдэг гуравдагч улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжээс гадна, Хэлэлцэн тохирогч талуудын тухайн үеэд хэрэгжиж буй хуулийн дагуу байгуулагдсан аливаа аж ахуй нэгж нөхөрлөл.  
2. Энэхүү зүйл нь 1-р зүйлд заасан “чухал хувь” гэдэг  нь тухайн аж ахуй нэгжийн удирдах аль эсхүл шууд удирдах эрх олгох утгатай болно. Хэлэлцэн тохирогч талуудын иргэн, аж ахуй нэгжүүд ямар нэгэн “чухал хувь” эзэмшдэг эсэхийг талууд талууд хооронд хийгдэх хэлэлцээрийн замаар шийдвэрлэнэ.
3. “Хөрөнгө оруулалт” гэдэгт Хэлэлцэн тохирогч нэг талын хөрөнгө оруулагч Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт түүний хууль, тогтоомжийн дагуу оруулсан бүх төрлийн эд хөрөнгө, тухайлбал дор дурдсан эд хөрөнгө багтах боловч зөвхөн үүгээр үл  хязгаарлагдана:
а/ ногдол хувь, хувьцаа, өрийн бичиг болон компанид оролцох бусад хэлбэрүүд;
б/ мөнгө буюу эдийн засгийн хувьд үнэ цэнэ бүхий аливаа үүргийн биелэлтийг шаардах эрх, тухайлбал эдийн засгийн өртөг бий болгох зорилгоор олгосон зээл;
в/ хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө, өмчийн бусад аливаа эрх, түүний дотор эд хөрөнгийн баталгаа, барьцаа, узуфрукт, тэдгээртэй адил бусад эрхүүд;
г/ Хэлэлцэн тохирогч талуудын нэгдэж орсон Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ивээл дор байгуулагдсан олон талт хэлэлцээрүүдэд тодорхойлсон оюуны өмчийн эрх, түүний дотор зохиогчийн ба хөршийн эрх, үйлдвэрлэлийн өмчийн эрх, барааны тэмдэг, патент, үйлдвэрлэлийн дизайн, техникийн ажилбар, ургамлын төрлийн эрх, ноу хау, худалдааны нууц, худалдааны нэр, пүүсийн нэр хүнд; гэвч зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй;
д/ хууль буюу гэрээний дагуу эдийн засгийн болон арилжааны үйл ажиллагаа явуулах давуу эрх, түүний дотор байгалийн баялгийг эрж хайх, олборлох, ашиглах эрх;    
4. “Орлого” гэж хөрөнгө оруулалтаас олох орлого, тухайлбал ашиг, ногдол ашиг, хүү, хөрөнгийн орлого, нөөц ашигласны төлбөр, патент, лицензийн төлбөр, бусад төлбөрийг хэлэх бөгөөд зөвхөн эдгээрээр үл хязгаарлагдана.
5. “Нутаг дэвсгэр” гэж талуудын хүчин төгөлдөр хууль үйлчлэх нутаг дэвсгэр, түүний дотор нутаг дэвсгэрийн далайн зах хязгаар хүртэлх тэнгисийн ёроол, хэвлий, эдийн засгийн бүс, агаарын орон зайг оролцуулсан талуудын нутаг дэвсгэр.
2 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж хамгаалах
1. Хэлэлцэн тохирогч тал бүр өөрийн нутаг дэвсгэрт Хэлэлцэн тохирогч нөгөө талын хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, таатай нөхцөл бүрдүүлэх бөгөөд энэхүү хөрөнгө оруулалтыг өөрийн хууль тогтоомжийн дагуу хүлээн зөвшөөрнө.
2. Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих зорилгоор Хэлэлцэн тохирогч тал бүр Хэлэлцэн тохирогч нөгөө талын хүсэлтээр өөрийн нутаг дэвсгэр дээрх хөрөнгө оруулалтын боломжийн талаар түүнд мэдээлж байна.
3. Хэлэлцэн тохирогч тал бүр хувь хүний орох, оршин суух, ажиллахтай холбогдсон өөрийн хууль тогтоомж, журмын хүрээнд:
a/ иргэний харьяаллыг үл харгалзан өөрийн нутагт хөрөнгө оруулалт хийхээр ирсэн голлох ажилтнууд, түүний дотор удирдах болон техникийн ажилтнуудын орох, түр оршин суух, ажиллах хүсэлтийг шударгаар хянан шийдвэрлэнэ,
б/ Хэлэлцэн тохирогч талуудын хуулийн дагуу хуулийн хүрээнд үүсэн байгуулагдсан ба Хэлэлцэн тохирогч нөгөө талд хөрөнгө оруулагч иргэн, тэдгээрийн сонгосон удирдах болон техникийн албан тушаалтан, аль улсын иргэн байх нь хамаарахгүй ажил эрхлэх зөвшөөрөл олгоно.
4. Энэхүү зүйл ангийн заалтууд нь Хэлэлцэн тохирогч аль нэг талын байгуулсан доорхи гэрээнүүдэд нөлөөлөхгүй;
a/ одоо байгуулсан болон ирээдүйд байгуулах хилийн нэгдэл, бүс нутгийн эдийн засгийн байгууллага болон үүнтэй ижил төстэй олон улсын хэлэлцээрүүд,
б/ нийтээр болон хэсэгчилсэн татвар ноогдуулах.
3 дугаар зүйл. Үндэсний нөхцөл болон нэн тааламжтай үндэсний нөхцөл ба нөхөн төлбөр
1. Хэлэлцэн тохирогч аль нэг талын хөрөнгө оруулагчаас Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт хйисэн хөрөнгө оруулалт болон түүнээс олох орлогод өөрийн болон аливаа гуравдагч орны хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалт, орлогод олгодог нөхцөлөөс дутуугүй бөгөөд  аль илүү тааламжтай нөхцөл  олгоно.
2. Нөхөн төлбөрийн хэмжээ албадан хураагдсан хөрөнгийн албадан хураагдахын өмнөх зах зээлийн үнэтэй тэнцүү байна. Нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр, чөлөөтэй шилжүүлнэ.
3. Хэлэлцэн тохирогч талын хөрөнгө оруулагчаас Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэр дээр хийсэн хөрөнгө оруулалтад хөрөнгө оруулагчийн хамаарах Хэлэлцэн тохирогч талын үйл ажиллагаанаас хамааралгүй гарсан дайн буюу бусад зэвсэгт мөргөлдөөн болон бослого, хувьсгал, үймээн, самуун буюу тэдгээртэй адилтгах үйл явдлын улмаас хохирол учирвал өмчийг сэргээн босгох, төлөөс хийх, нөхөн төлөх хэлбэрээр зохицуулахдаа Хэлэлцэн тохирогч нөгөө тал өөрийн орны буюу аливаа гуравдагч орны хөрөнгө оруулагчдад олгодгоос дутуугүй бөгөөд аль илүү тааламжтай нөхцөл олгоно.
4 дүгээр зүйл. Төлбөр шилжүүлэх
1. Хэлэлцэн тохирогч тал бүр өөрийн нутаг дэвсгэрт хөрөнгө оруулсан Хэлэлцэн тохирогч нөгөө талын хөрөнгө оруулагчдад өөрсдийн хөрөнгө оруулалттай холбогдсон бүх төлбөрийг нутаг дэвсгэрээс гадна болон дотоодод саадгүйгээр шилжүүлэх нөхцөлийг хангана. Тэрхүү шилжүүлэг дараах зүйлийг хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй:
а/ орлого;
б/ хөрөнгө оруулалтыг бүхэлд нь буюу түүний хэсгийг худалдсан, татан буулгасанаас бий болсон мөнгө;
в/ энэхүү Хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн дагуу хийгдэх нөхөн төлбөр, гэрээ, түүний дотор зээлийн гэрээний дагуу хийгдэх төлбөрүүд;
г/ эхлэлийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын хэвийн ажиллагааг хангах, нэмэгдүүлэхэд шаардагдах нэмэгдэл хөрөнгө;
д/ хөрөнгө оруулалттай холбогдон ажиллаж байгаа гадаадын ажиллагсдын цалин болон бусад шан харамж.
2. Хэлэлцэн тохирогч тал бүр шилжүүлгийг чөлөөтэй хөрвөх валютаар, хөрөнгө оруулалт хийгдсэн Хэлэлцэн тохирогч талын нутаг дэвсгэрт шилжүүлэг хийх тухайн өдрийн валютын албан ёсны ханшаар хийнэ.
5 дугаар зүйл. Эрх шилжих
1. Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт хийсэн хөрөнгө оруулалтад олгосон арилжааны бус эрсэдлийн баталгаа буюу даатгалын гэрээний үндсэн дээр төлбөр хийж байгаа нөхцөлд Хэлэлцэн тохирогч нөгөө тал нь хөрөнгө оруулагч өөрийн аливаа эрх буюу шаардах эрхээ Хэлэлцэн тохирогч тал эсхүл түүнийг төлөөлөх байгууллагад шилжүүлэхийг зөвшөөрнө.
2. Даатгагч нь хөрөнгө оруулагчийн шилжүүлж өгсөн эрхээс бусад эрхийг эдлэх эрхгүй байна.
3. Хэлэлцэн тохирогч тал, даатгагч нарын хоорондын маргааныг энэхүү хэлэлцээрийн 7 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэнэ.  
6 дугаар зүйл. Харшлалт
1. Энэ Хэлэлцээр нь хөрөнгө оруулалт ба холбогдох үйл ажиллагаанууд, түүнтэй төстэй нөхцөл байдалд энэхүү Хэлэлцээрээр олгосоноос илүү үр өгөөжтэй орчин бүрдүүлэхдээ:   
а/ Хэлэлцэн тохирогч талуудын хууль дүрэм, захиргааны хэв маяг болон эрх бүхий шатнуудын шүүхийн шийдвэрүүдэд;  
б/ Олон улсын хуулийн зүйл, заалтууд, болон
в/ талуудын аль нэгний хөрөнгө оруулалтын хэлэлцээр эсхүл хөрөнгө оруулах зөвшөөрөлийн хүрээндэх зүйл заалтуудтай харшлахгүй байна.
7 дугаар зүйл. Хэлэлцэн тохирогч талуудыэ хөрөнгө оруулаггч нарын хоорондын маргааныг шийдвэрлэх
1. Хэлэлцэн тохирогч талуудын нэг болон Хэлэлцэн тохирогч нөгөө талуудын хооронд хөрөнгө оруулагчийн хийсэн хөрөнгө оруулалттай холбоотой гарсан маргаанууд, хөрөнгө оруулагч талаас эзэн талд тодорхой мэдээлэл бүхий бичгэн байдлаар мэдээлнэ. Хөрөнгө оруулагч тал болон эзэн тал энэхүү маргааныг аль болох хэлэлцээний аргаар шийдвэрлэхээр оролдоно.
2. Хэрэв маргааныг нэгдүгээр хэсэгт заасны дагуу бичгэн хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш зургаан сарын дотор дээрх замаар шийдвэрлэж чадахгүй тохиолдолд маргааныг хөрөнгө оруулагчийн сонгосон доорхи байгууллагуудад хандаж болно:
а/ Улс болон өөр нэг улсын иргэн хоорондын хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх хэлэлцээр болон Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон улсын төв /ICSID/,
б/ НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын арбитрын журмын дагуу байгуулагдах шүүх /UNCITRAL/,
в/ Стокхолмын Худалдааны танхимын арбитрын институт.
2. Арбитртай холбоотой:
а/ энэхүү Хэлэлцээрийн заалтууд нь:
б/ Хэлэлцээртэй холбоотой дүрэм, журам болон заалтууд нь тухайн хөрөнгө оруулж буй улс орны хууль, дүрэм журамд захирагдана.
3. Арбитрын шйидвэр нь эцсийн шийдвэр байх бөгөөд талууд заавал биелүүлнэ. Хөндлөнгийн шүүх хууль болон олон улсын хууль тогтоомжийн дагуу  олонхийн саналаар шийдвэр гаргана.
8 дугаар зүйл. Хэлэлцэн тохирогч талуудын хоорондын маргааныг шийдвэрлэх
1. Энэхүү Хэлэлцээрийг тайлбарлах, хэрэглэхтэй холбогдсон Хэлэлцэн тохирогч талуудын хооронд үүссэн маргааныг аль болох хэлэлцээний аргаар шийдвэрлэнэ. Үүний хүрээнд талууд шийдвэрт хүрэхийн тулд шууд ба шууд бусаар ярилцаж тохирохоор зөвшилцнө. Хэрэв талууд хоорондын маргаан эхлэсэн өдрөөс хойш 6 сарын дотор ийм замаар маргаанаа шийдвэрлэж чадахгүй тохиолдолд аль нэг талын хүсэлтээр 3 гишүүнтэй Арбитрын шүүхэд хандаж болно.   
2. Аль нэг талын хүсэлтийг хүлээн авсанаас хойш хоёр сарын дотор нэг нэг шүүгч сонгоно. Энэ хоёр шүүгч нь гуравдагч орны иргэн шүүгчийг шүүхийн даргаар сонгоно. Талуудын нэг нь заасан хугацаанд шүүгч сонгож чадахгүй тохиолдолд нөгөө тал Олон улсын дээд шүүхийн ерөнхийлөгчөөс шүүгч сонгохыг хүснэ.
3. Хэрэв хоёр шүүгч томилогдсон өдрөөс хойш хоёр сарын дотор даргалагч шүүгчийг сонгох тал дээр хэлэлцээнд хүрэхгүй тохиолдолд даргалагч шүүгчийг талуудын аль нэгний хүсэлтийн дагуу Олон улсын дээд шүүхийн ерөнхийлөгчид хандан томилолт хийх талаар хүсэлт гаргана болно.  
4. Олон улсын дээд шүүхийн ерөнхийлөгч нь энэхүү зүйл ангийн 2, 3 дугаар хэсэгт заасны дагуу Хэлэлцэн тохирогч аль нэг талын иргэн эсхүл ямар нэг шалтгаанаар энэхүү үүргийг гүйцэтгэх боломжгүй бол Олон улсын шүүхийн дэд ерөнхийлөгчид хүсэлт гаргана. Хэрэв дэд ерөнхийлөгч нь  Хэлэлцэн тохирогч аль нэг талын иргэн эсхүл дурдсан үүргийг биелүүлэх боломжгүй бол Хэлэлцэн тохирогч аль нэг талын иргэн бус, Олон улсын шүүхийн удаах зиндааны гишүүнд шаардлагатай томилолт хийхийг санал болгоно.
5. Арбитрын шүүх даргалагч шүүгч томилогдсон өдрөөс гурван сарын дотор энэхүү хэлэлцээрийн бусад зүйл заалтын дагуу шидвэр гаргана. Ийм шийдвэрт хүрч чадаагүй тохиолдолд Арбитрын шүүх олон улсын арбитрын дүрмийн дагуу арга зам заах хүсэлт Олон улсын дээд шүүхийн ерөнхийлөгчид хандана.
6. Ингээгүй тохиолдолд даргалагч шүүгчийг томилсноос хойш найман сарын дотор шүүх хурал явагдаж дуусах бөгөөд шүүх сүүлийн шүүх хурлаас хойш хоёр сарын дотор шийдвэр гаргана. шүүх эцсийн шийдвэрээ олонхын саналын дагуу гаргана.
7. Хэлэлцэн тохирогч тал бүр өөрийн томилсон хөндлөнгийн шүүгч болон арбитрийн ажиллагаа дахь өөрийн төлөөлөлтэй холбогдох зардлыг хариуцна. Хөндлөнгийн шүүхийн даргын зардал болон холбогдох бусад зардлыг Хэлэлцэн тохирогч талууд тэнцүү хуваан төлнө. Үүнтэй холбоотой шүүх төлбөрийн ихэнхи хэсгийн Хэлэлцэн тохирогч талын аль нэгийг даах шийдвэр гаргаж болох ба энэхүү шийдвэр нь Хэлэлцэн тохирогч талуудын хувьд эцсийнх байна.
8. Хэрэв маргаан энэхүү Хэлэлцээрийн 7 дугаар зүлийн  дагуу олон улсын аливаа нэгэн Арбтрын шүүхэд хандан тэндээс шийдвэр гарахыг хүлээж байгаа тохиолдолд, уг маргааны талаар энэхүү зүйлийн дагуу өөр нэгэн олон улсын арбитрын шүүхэд хандаж болохгүй. Энэ нь Хэлэлцэн тохирогч талуудын хооронд шууд болон шууд бусаар хэлэлцэх замаар холбоо тогтооход саад болохгүй.
9 дүгээр зүйл. Хэлэлцээр хүчин төгөлдөр болох
1. Энэхүү Хэлэлцээр нь түүнийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчинтэй. Хэлэлцээр нь 10 жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ зүйлийн 2 дугаар хэсэгт заасны дагуу дуусгавар болоогүй тохиолдолд хүчин төгөлдөр байна. Энэхүү Хэлэлцээр нь түүнийг хүчин төгөлдөр болсноос өмнө ба хойно оруулсан бүх хөрөнгө оруулалтад хамаарна.
2. Хэлэлцээр хүчин төгөлдөр байх эхний хугацаа болон сунгасан хугацаа дуусахаас нэг жилийн өмнө Хэлэлцээрийг цуцлах тухайгаа Хэлэлцэн тохирогч аль нэг тал Хэлэлцэн тохирогч нөгөө талд бичгээр мэдэгдэнэ.
3. Энэхүү Хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбогдсон дотоодын хууль тогтоомжийн шаардлагуудыг биелүүлсэн тухайгаа Хэлэлцэн тохирогч аль нэг тал Хэлэлцэн тохирогч нөгөө талдаа дипломат шугамаар бичгээр харилцан мэдэгдэх бөгөөд сүүлчийн мэдэгдэл хүлээн авсан өдөр Хэлэлцээр хүчин төгөлдөр болно.
4. Хэлэлцээрийг дуусгавар болгохоос өмнө хийсэн хөрөнгө оруулалтын хувьд энэхүү Хэлэлцээрийн заалтууд Хэлэлцээрийн дуусгавар болсноос хойш 10 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Хэлэлцээрийг Анкара хотноо 1998 оны 3 дугаар сарын 16-ны өдөр монгол, түрк, англи хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх хувиуд нь адил хүчинтэй байна.
Энэхүү Хэлэлцээрийг тайлбарлахад санал зөрвөл англи хэл дээрх эх хувийг баримтална.

Монгол Улсын                Бүгд Найрамдах Түрк Улсын  
Засгийн газрын өмнөөс            Засгийн газрын өмнөөс
Гадаад харилцааны сайд            Төрийн сайд
Ш.Алтангэрэл                Бурхан Кара

 

Links