Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монгол Улс, Бүгд Найрамдах Түрк Улс хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 04:14

Монгол Улс, Бүгд Найрамдах Түрк Улс /цаашид “Хэлэлцэн тохирогч Талууд” гэх/,
Монгол Улс, Түркийн ард түмний нийтлэг эрх ашиг, олон улсын энх тайван, тогтвортой байдлын тусын тулд хоёр орны хооронд найрамдал, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэн,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн зорилго, зарчимд үнэнчээ дахин нотолж,
Монгол, Түркийн түүх, соёлын өнө эртний хэлхээ холбоотойг харгалзан,
Хоёр орны хамтын ажиллагааг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэн өргөжүүлэх шийдвэр төгс байгаагаа илэрхийлэн,
дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиров.
1 дүгээр зүйл
Монгол Улс, Бүгд Найрамдах Түрк Улс нь бие биенийхээ тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, шударга, харилцан ашигтай байх зэрэг бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмуудын үндсэн дээр харилцаагаа хөгжүүлнэ.
2 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд хоёр талын харилцаагаа төр засаг, парламентын шугамаар болон засгийн газрын бус байгууллагын хооронд зэрэг бүхий л түвшинд хөгжүүлнэ.
3 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд хоёр орны харилцаа хийгээд салбар бүс нутаг, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар янз бүрийн түвшинд тогтмол зөвлөлдөж, мэдээлэл солилцоно.
4 дүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд Нэгдсэн Үндэстний Байгууллага,  бусад олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд хамтран ажиллана.
5 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд олон улсын маргаантай асуудлыг гагцхүү эвийн аргаар шийдвэрлэхийг дэмжих бөгөөд улс хоорондын харилцаанд хүчээр түрий барих буюу хүч хэрэглэхээс түдгэлзэнэ.
6 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд зэвсэглэлийг бүх нийтээр бүрэн хураах зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүрээн дэх хүчин чармайлтыг цаашид ч дэмжинэ. Хэлэлцэн тохирогч Талуудын аюулгүй байдал Европ, Ази тивийн аюулгүй байдалтай шууд холбоотойг харгалзан энэ бүс нутагт энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь хандив оруулахыг чармайна.
7 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд эдийн засаг, худалдааны удаан хугацааны хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжинэ. Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөх, хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
8 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд шинжлэх ухаан, технологи, соёл, боловсрол, мэдээлэл болон бусад салбарт хамтран ажиллахад тус дөхөм үзүүлнэ.
9 дүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд хоёр орны ард түмэн бие биеэ танин мэдэх, харилцан ойлгохыг бататгах үүднээс их, дээд сургууль, соёл, урлагийн байгууллагууд хийгээд иргэд шууд хамтран ажиллах явдлыг дэмжинэ.
Хэлэлцэн тохирогч Талууд олон нийт, аж ахуй, мэргэжлийн болон бусад байгууллагуудын хооронд харилцаа холбоо хөгжүүлэхийг дэмжинэ.
Мөн түнш хотуудын харилцаа хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжинэ.
10 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд ялангуяа хоёр ард түмний түүхэн нийтлэг үед холбогдолтой болон бусад түүх, соёлын дурсгалт зүйлсийг сэргээх, хадгалан хамгаалахад хамтын хүч чармайлт тавьж, соёл, урлагийн олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллана.
11 дүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү Гэрээний үндсэн дээр түүний заалтуудыг хэрэгжүүлэх үүднээс хоёр талын төр, олон нийтийн байгууллагууд, үйлдвэр, худалдааны болон бусад хувийн байгууллагын хооронд хэлэлцээр, протокол байгуулахыг хөхиүлэн дэмжинэ.
12 дугаар зүйл
Энэхүү Гэрээ нь Хэлэлцэн тохирогч Талуудын хоёр болон олон талын хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргийг хөндөхгүй.
13 дугаар зүйл
Энэхүү Гэрээг соёрхон батлах бөгөөд энэ тухай батламж жуух бичгүүдийг солилцсон өдрөөс Гэрээ хүчин төгөлдөр болно.
14 дүгээр зүйл
Энэхүү Гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хэрэв Хэлэлцэн тохирогч аль нэг Тал нь тухайн хугацааг дуусахаас наад зах нь 12 сарын өмнө Гэрээг цуцлах тухай нөгөө Талдаа бичгээр эс мэдэгдвэл тав таван жилээр аяндаа сунгагдана.
Энэхүү Гэрээг 1995 оны есдүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо монгол, түрк, англи хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.
Гэрээг тайлбарлахад санал зөрвөл англи хэлээрх эх бичвэрийг баримтална.

Монгол Улсын өмнөөс        Бүгд Найрамдах Түрк Улсын өмнөөс
Пунсалмаагийн Очирбат        Сүлейман Демирел

 

Холбоос