Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Agreement on veterinary service PDF Print E-mail
Wednesday, 25 August 2010 04:13

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Түрк Улсын Засгийн газар /цаашид “Талууд” гэх/ амьтны халдварт өвчнөөс хийгээд түүнээс үүдэн хүний эрүүл мэнд, улсын эдийн засагт хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, мал амьтны хорио цээр, мал эмнэлгийн шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор дараах зүйлийг хэлэлцэн тохиров.
1 дүгээр зүйл
Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл болон мал, амьтны халдварт өвчний үүсгэгчийн дамжуулж болох бусад ачаа тээшийг улсын хилээр гаргах, оруулах, дамжин өнгөрүүлэх үед хоёр улсын нутаг дэвсгэрт халдварт өвчин нэвтэрч орохоос урьдчилан сэргийлэх асуудлаар Талууд хамтран ажиллана.
2 дугаар зүйл
Талууд, мал, амьтан, ачааг улсын хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэхтэй холбогдсон мал эмнэлгийн хилийн хяналтын нөхцлийг хамтран тогтооно. Дээрх нөхцлийг тогтоох хүртэл Европын Холбооны хууль тогтоомж ба Ачааны хилийн хяналтын Олон улсын гэрээний гол зарчмуудыг баримтална.
3 дугаар зүйл
Талууд:
3.1. Хоёр орны нутаг дэвсгэрт Олон улсын мал, амьтны халдварт өвчний байгууллагын “А” ангилалд хамаарах халдварт өвчин гарсан нутаг, өвчилсөн малын төрөл, тоо, оношлох арга болон устгах талаар авсан арга хэмжээ зэргийг яаралтай мэдэгдэж байна.
3.2. Өвчин гарсан бүс нутагт уг өвчнийг бүрэн устгах хүртэл өвчний явцын тухай мэдээлэл харилцан солилцож байна.
3.3. Олон улсын мал, амьтны халдварт өвчний байгууллагын “А” ангилалд хамаарах өвчин гарсан тохиолдолд өвчин үүсгэгч организмын төрөл, хэлбэрийг харилцан мэдээлнэ.
3.4. Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг гадаадад гаргах тохиолдолд уг мал, амьтныг тухайн орны гаралтай, урьд нь өөр орноос оруулаагүй гэдгийг мал эмнэлгийн хяналтын албад нь гэрчилж өгнө.
3.5. Амьд мал, амьтан, мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, мал эмнэлгийн бэлдмэлүүд болон биологийн материал /бактери, вирус, мөөгөнцөр, хорт бодис/ зэргийг гадаадад гаргах, оруулах, олон улсад дамжин өнгөрөхөд зөвхөн улсын мал эмнэлгийн хяналтын төв алба гэрчилгээ олгоно.
4 дүгээр зүйл
Энэхүү Хэлэлцээрийн нөхцөлд хамаарах зүйл:
- Бүх төрлийн мал, амьтан, шувуу, үслэг амьтан, лабораторийн амьтан, амьтны хүрээлэнгийн болон гэрийн тэжээвэр амьтан, далайн амьтан, зөгий, загас болон бусад усны амьтан, мал, амьтны үр, хөврөл үр, загасны үржлийн түрс, хүр хорхойн авгалдай г.м,
- Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн /мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, загас, өндөг болон зөгийн нөөшилсөн бүтээгдэхүүн/,
- Мал, амьтны гаралтай түүхий эд /арьс, ноос, үс, өд, өрөвлөг, дотоод шүүрлийн болон нарийн гэдэсний түүхий эд, яс, цус, бусад түүхий эд/,
- Малын тэжээл, тэжээлийн ургамал,
- Мал эмнэлгийн бэлдмэл, биологийн эд, өсгөвөр.
5 дугаар зүйл
Амьд мал, амьтан, түүхий эдийг улсын хилээр оруулахад тавих шаардлага, түүнд орж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар, мөн түүнчлэн нийтийг хамарсан халдварт бус өвчин гарахын эсрэг, ялангуяа эдийн засгийн ихээхэн хохирол учруулж болзошгүй хортой цацраг идэвхит бодисоос хамгаалах арга хэмжээний тухай Талууд харилцан бие биедээ мэдээлж байна.
6 дугаар зүйл
Ачигдаж байгаа бүх бараанд Олон улсын халдвартын байгууллагын мал эмнэлэг-ариун цэврийн кодыг хэрэглэсэн мал эмнэлгийн сертификат дагалдуулсан байна.
Монгол улсад явуулах мал эмнэлгийн гэрчилгээ нь монгол, англи хэл дээр, Түрк улсад явуулах мал эмнэлгийн гэрчилгээ нь түрк, англи хэл дээр тус тус үйлдэгдсэн байна.
7 дугаар зүйл
Гадаадад гаргах болон дамжин өнгөрүүлэх мал, амьтан, ачаа тээш нь мал эмнэлгийн хяналтын төв байгууллагуудын тохиролцооны дагуу Талуудын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэгдэнэ.
8 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэр дээр энэ Хэлэлцээрийн Гуравдугаар зүйлд заасан өвчин гарсан тохиолдолд Дөрөвдүгээр зүйлд заасан ачаа тээшийг нөгөө тал оруулж ирэх болон дамжин өнгөрүүлэхийг Талууд нэн даруй хязгаарлах бөгөөд уг шийдвэрээ нөгөө Талын мал эмнэлгийн хяналтын албанд мэдэгдэнэ.
Дөрөвдүгээр зүйлд хамаарах тээвэрлэлтийг сэргээх асуудлыг зөвхөн холбогдох Талын нутаг дэвсгэрт тухайн өвчин бүрэн устсаны дараа хоёр Талын мал эмнэлгийн хяналтын төв байгууллага хоорондын хэлэлцээний дүнд шийдвэрлэнэ.
9 дүгээр зүйл
Талууд:
- Шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний болон мал эмнэлгийн албаны талаар хамтран ажиллана,
- Мал эмнэлгийн салбарт мэргэжилтэн солилцоно /мэдлэг, дадлага, туршлага/,
- Эрдэм шинжилгээний хүрээлэн, оношлох лабораториудын хоорондын хамтын ажиллагаа тогтоон хөгжүүлнэ,
- Мэргэжилтэн болон эрдэм шинжилгээний ажилтнуудыг сорьж, үнэлгээ тогтоох ажлыг хийнэ,
- Мал эмнэлгийн шинжлэх ухааны хэвлэл, мэдээлэл, тусгай сэтгүүл солилцоно,
- Мал эмнэлгийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, дүрэм, заавар, хууль эрхийн актын мэдээллээр хангана.
10 дугаар зүйл
Энэхүү хэлэлцээрийг биелүүлэхтэй холбогдсон асуудлаар Талуудын Мал эмнэлгийн хяналтын төв албадууд бие биетэйгээ шууд холбоо барьж ажиллана.
11 дүгээр зүйл
Мэргэжилтэн солилцох үед эксперт, мэргэжилтэн илгээж буй Тал аяллын хоёр талын зардлыг, хүлээн авч буй Тал бусад бүх зардлыг тус тус хариуцна.
12 дугаар зүйл
Энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэх, тайлбарлах явцад маргаантай асуудал гарвал хоёр Талын эрх бүхий байгууллагуудын хооронд зөвшилцөж шийдвэрлэнэ. Харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү Хэлэлцээрийн заалтуудыг өөрчлөх буюу тэдгээрт нэмэлт оруулж болно.
13 дугаар зүйл
Мал эмнэлгийн байгууллагын төлөөлөгчид Улаанбаатар, Анкарад ээлжээр уулзана. Уулзалтын хугацааг Талууд тогтооно.
14 дүгээр зүйл
Энэхүү Хэлэлцээр нь түүнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн таван жилийн турш хүчинтэй байна. Талуудын аль нэг нь Хэлэлцээрийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө дипломат шугамаар түүнийг дуусгавар болгохыг нөгөө Талдаа бичгээр мэдэгдээгүй бол Хэлэлцээр аяндаа дараагийн 5 /таван/ жилийн хугацаагаар сунгагдана.
Үйлчлэлийг нь зогсоох тухай мэдэгдлийг аль нэг Тал хүлээж авснаас хойш 6 сарын дараа энэхүү Хэлэлцээрийн үйлчлэл дуусгавар болно.
Энэхүү Хэлэлцээрийг 1998 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Анкара хотноо монгол, түрк ба англи хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд бичвэрүүд нэгэн адил хүчинтэй байна. Хэлэлцээрийг тайлбарлахад санал зөрвөл англи хэлээрх эх бичвэрийг баримтална.

Монгол Улсын                Бүгд Найрамдах Түрк Улсын
Засгийн газрыг төлөөлж            Засгийн газрыг төлөөлж
Дэд бүтцийн сайд Г.Нямдаваа        Төрийн сайд Бурхан Кара

 

Links