Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монгол Улс, Бүгд Найрамдах Түрк Улсын хооронд иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 04:10

Монгол Улс, Бүгд Найрамдах Түрк Улс нь цаашид хоёр улсын найрамдалт харилцаагаа хөгжүүлж, иргэн, аж ахуй, эрүүгийн хэрэг болон гэмт этгээдийг шилжүүлэн өгөх, ялтныг шилжүүлэх талаар Хэлэлцэн тохирогч Талуудын үндэсний тусгаар тогтнол, тэгш эрх, дотоод хэрэгт үл оролцох зарчмын үндсэн дээр харилцан туслалцаа үзүүлэх эрмэлзлэлийг удирдлага болгон;
Иргэн, аж ахуйн болон  эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг дор дурьдсанаар байгуулахаар хэлэлцэн тохиров.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
I ХЭСЭГ. Ерөнхий заалт
1 дүгээр зүйл

1. Хэлэлцэн тохирогч нэг Талын иргэд  Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт байхдаа хувь хүний болон эд хөрөнгө, ашиг сонирхлын хувьд тухайн Талын иргэний нэгэн адил шүүхийн болон эрх зүйн эрх тэгш хамгаалалтыг эдэлнэ.
2. Хэлэлцэн тохирогч нэг Талын иргэд  Хэлэлцэн тохирогч нөгөө Талын   нутаг дэвсгэрт байхдаа шүүх, бусад эрх бүхий байгууллагад иргэн, аж ахуйн болон  эрүүгийн хэргийн талаар тухайн Талын иргэний нэгэн адил нөхцөл, шаардлагын дагуу чөлөөтэй хандаж гомдлоо гарган, өөрсдийн эрх ашгаа хамгаалуулах эрх эдлэнэ.
3. Хэлэлцэн тохирогч нэг Талын хуулийн дагуу байгуулагдаж тухайн Талын нутаг дэвсгэрт Төв байгууллага нь орших хуулийн этгээд энэхүү Гэрээний холбогдох заалтыг хэрэгжүүлэх эрхтэй.
2 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү Гэрээг хэрэгжүүлэх зорилгоор хүсэлт гаргах,  хүсэлт хүлээн авах Төв байгууллагыг тус бүр томилно. Эрх бүхий Төв байгууллага гэдэгт Монгол Улсын талаас Монгол Улсын Хууль зүйн яам, Бүгд Найрамдах Түрк Улсын талаас Бүгд Найрамдах Түрк Улсын Хууль зүйн яам байна.
Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллага энэхүү Гэрээг хэрэгжүүлэхдээ  дипломат шугамаар харилцана.
3 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талуудын Хууль зүйн яамд аль нэг Талын хүсэлтийн дагуу энэ Гэрээнд хамаарах эрх зүйн асуудлаар өөрийн улсын хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг харилцан солилцоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
I ХЭСЭГ. Иргэн, аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх
4 дүгээр зүйл
1. Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд бие биедээ иргэн, аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх явдлыг хангана.
2. Харилцан үзүүлэх туслалцаанд баримт бичиг хүргүүлэх, зохигчид, гэрч болон шинжээчийг байцаах зэрэг хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хамааруулна.
5 дугаар зүйл
1.Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хүсэлтэд дор дурьдсан зүйлийг заасан байна. Үүнд:
a) Хүсэлт гаргасан болон Хүсэлт хүлээн авсан байгууллагын нэр;
b) Эрх зүйн туслалцаа шаардлагатай байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төрөл;
в) Зохигчдын нэр, тэдгээрийн байнга болон түр оршин суугаа хаяг, иргэний харьяалал, мэргэжил;
г) Зохигчдын төлөөлөгчдын нэр, хаяг;
д) Тодруулах асуудалтай холбоотой болон хүсэлтийг биелүүлэхэд шаардагдах мэдээлэл.
2. Эрх зүйн туслалцаа авах тухай хүсэлт, түүнийг дагалдах баримт бичигт Хүсэлт гаргасан Талын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарсан байна.
6 дугаар зүйл
1. Хүсэлт хүлээн авсан байгууллага түүнийг биелүүлэхдээ өөрийн улсын хуулийг хэрэглэнэ. Хэрэв Хүсэлт хүлээн авсан Талын хуульд харшлахгүй бол Хүсэлт гаргасан Талын хүсэлтээр уг Талын хуульд заасан журмыг хэрэглэж болно.
2. Хүсэлт хүлээн авсан байгууллага түүнийг биелүүлэх эрхгүй байвал хүсэлтийг эрх бүхий байгууллагад шилжүүлж энэ тухай Хүсэлт гаргасан Талд мэдэгдэнэ.
3. Хүсэлт хүлээн авсан Тал хүсэлт биелүүлсэнтэй холбогдох баримт бичгийг Хүсэлт гаргасан Талд явуулах үүрэгтэй бөгөөд биелүүлэх боломжгүй нөхцөлд энэ тухай шалтгааныг мэдээлнэ.
7 дугаар зүйл
1. Баримт бичиг гардуулах тухай Хүсэлт хүлээн авсан байгууллага баримт бичиг нь уг Хүсэлтийг хүлээн авсан Талын хэлнээ үйлдсэн эсхүл уг Талын хэлнээ орчуулан хавсаргаж, үнэн зөв болох нь баталгаажигдсан бол өөрийн улсын хуульд заасан журмын дагуу гардуулж өгөх бөгөөд бусад тохиолдолд уг баримт бичгийг хүлээн авах этгээдийн зөвшөөрснөөр гардуулна.
2. Баримт бичгийг гардуулах тухай хүсэлтэд түүнийг гардуулах этгээдийн тодорхой хаяг, гардуулах баримт бичгийг заасан байна.
3. Баримт бичгийг хүсэлтэд заасан хаягаар гардуулах боломжгүй бол Хүсэлт хүлээн авсан байгууллага зөв хаягийг тогтоох шаардлагатай арга хэмжээг авна. Зөв хаягийг тогтоох  боломжгүй бол Хүсэлт хүлээн авсан Тал энэ тухай Хүсэлт гаргасан Талд мэдэгдэн, баримт бичгийг буцаан хүргүүлнэ.
8 дугаар зүйл
Гардуулах баримт бичгийг хүлээн авсан тухай нотолгоог Хүсэлт хүлээн авсан Талын хуулийн дагуу үйлдэнэ. Гардуулсан он, сар, өдөр, газрыг нотолгоонд заасан байна.
9 дүгээр зүйл
Хүсэлт хүлээн авсан Тал нь уг хүсэлтийг биелүүлэхтэй холбогдож өөрийн нутаг дэвсгэрт гарсан бүх зардлыг хариуцах бөгөөд нөхөн төлөхийг шаардахгүй.
10 дугаар зүйл
Хүсэлтийг биелүүлэх нь Хүсэлт хүлээн авсан Талын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нийгмийн хэв журамд харшилхаар байвал уг хүсэлтийг биелүүлэхээс татгалзаж болно.
11 дүгээр зүйл
1. Энэхүү Гэрээний 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлд  зааснаас бусад хүсэлт, дагалдах баримт бичигт Хүсэлт хүлээн авсан Талын хэлнээ эсхүл англи хэлнээ хөрвүүлсэн баталгаат орчуулгыг хавсаргана.
2. Орчуулгыг Хүсэлт гаргасан  Талын баталгаат орчуулагч, нотариатч буюу Хэлэлцэн тохирогч Талуудын дипломат төлөөлөгчийн буюу консулын ажилтан баталгаажуулж болно.
3. Хүсэлтийг биелүүлэх явцад үйлдсэн баримт бичгийг Хүсэлт хүлээн авсан Талын хэлээр үйлдэнэ.
12 дугаар зүйл
1. Хүсэлт гаргасан  Талын шүүхийн зарлан дуудсанаар хүрэлцэн очсон гэрч буюу шинжээчийг аль улсын харьяат болохыг үл харгалзан тухайн улсад хүрэлцэн очихоос өмнө үйлдсэн аливаа гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах, хорих, мөн урьд өмнө гаргасан таслан шийдвэрлэх тогтоолоор ял шийтгэл оногдуулж болохгүй.
Гэрч буюу шинжээч нь түүнийг дуудаж ирүүлсэн байгууллагаас цаашид байх шаардлагагүй гэж мэдэгдсэнээс хойш Хүсэлт гаргасан Талын нутаг дэвсгэрээс 15 хоногийн дотор гарч яваагүй бол дээрх халдашгүй байдлаа алдана. Гэрч буюу шинжээч өөрсдөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас Хүсэлт гаргасан Талын нутаг дэвсгэрээс гарч чадаагүй бол уг хугацааг энэ хэсэгт заасан хугацаанд оруулан тооцохгүй.
Дээрх этгээдүүдийг гаргасан мэдүүлэг, дүгнэлттэй нь холбогдуулан мөрдөн шалгах буюу хорьж болохгүй.
2. Хүсэлт гаргасан  байгууллага нь дуудагдсан гэрч, шинжээчид замын зардал, тухайн улсад байх хугацааны зардал, шинжээчийн хөлсийг өөрийн улсын хуульд зааснаар нөхөн олгох тухайгаа мэдэгдэнэ. Уг этгээд хүссэн тохиолдолд замын зардал, байх хугацааны зардлын урьдчилгааг Хүсэлт гаргасан  байгууллага олгоно.

II ХЭСЭГ. Баримт бичиг
13 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч нэг Тал Хэлэлцэн тохирогч нөгөө Талын шүүх бусад  эрх бүхий байгууллагын хүсэлтээр Хүсэлт гаргасан Талын  иргэнд холбогдох иргэний, гэр бүлийн байдлын баримт бичгийн хуулбар, тэдний ашиг сонирхолд хамаарах бусад баримт бичгийг орчуулгагүй, үнэ төлбөргүй илгээнэ.
14 дүгээр зүйл
1. Хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэр дээр үйлдсэн, олгосон болон тамга дарсан баримт бичиг, түүний баталгаажуулсан хуулбарыг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр баталгаажуулахыг шаардахгүй.
2. Хэлэлцэн тохирогч нэг Талын эрх бүхий байгууллагаас  олгосон баримт бичиг нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр нэгэн адил нотлох хүчин чадалтай байна.

III ХЭСЭГ. Шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөх
15 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч аль нэг Талын иргэнийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр гадаадын харьяат гэх буюу тухайн улсад оршин суудаггүй гэдэг үндэслэлээр шүүхийн зардал төлөхийг шаардаж болохгүй.
16 дугаар зүйл
1. Хэлэлцэн тохирогч нэг Талын иргэн Хэлэлцэн тохирогч нөгөө Талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөх, эрх зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах эрхийг тухайн улсын иргэний нэгэн адил эдэлнэ.
2. Дээрх заалт нь хэргийн хянан шийдвэрлэх бүх ажиллагаанд, түүний дотор шийдвэр биелүүлэх ажиллагаанд хамаарна.
3. Хэлэлцэн тохирогч аль нэг Талын хуульд зааснаар тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөрөөс чөлөөлгдөх  эрхтэй иргэд Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр төлбөрөөс нэгэн адил чөлөөлөгдөнө.
17 дугаар зүйл
1. Энэхүү Гэрээний 16 дугаар зүйлд заасан хөнгөлөлтийг эдлэх эрхийг болон өргөдөл гаргагчийн иргэний болон гэр бүлийн байдлыг гэрчилсэн гэрчилгээг өргөдөл гаргагчийн оршин суугаа Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллага олгоно.
2. Өргөдөл гаргагч нь Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэр дээр оршин суудаггүй бол түүнийг харъяалах дипломат төлөөлөгчийн буюу консулын газар дээрх гэрчилгээг олгож болно.
3. Шүүхийн зардлаас чөлөөлөхийг хүссэн өргөдлийг шүүх хэлэлцэн шийдвэрлэхдээ энэхүү Гэрээний 2 дугаар зүйлд заасан журмаар харилцах бөгөөд тухайн гэрчилгээ олгосон байгууллагаас нэмэлт мэдээлэл хүсч болно.
18 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч аль нэг Талын шүүх Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр оршин суугаа иргэнтэй холбоотой тодорхой ажиллагааг гүйцэтгэх хугацааг тогтоосон бол уг хугацааг баримт бичгийг хүлээн авсан өдрөөс эхлэн тоолно.
IY  ХЭСЭГ. Иргэн, аж ахуйн хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх
19 дүгээр зүйл
1. Энэхүү Гэрээний заалтын дагуу Хэлэлцэн тохирогч нэг Тал Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр гаргасан дор дурдсан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлнэ. Үүнд:
а/ Иргэн, аж ахуйн хэргийн талаар гаргасан шүүхийн шийдвэр;
б/ Эрүүгийн хэргийн талаар гарсан таслан шийдвэрлэх тогтоолын  хохирол төлүүлэх тухай заалт;
в/ Иргэний болон аж ахуйн хэргийн талаар гарсан арбитрын шийдвэр.
2. Иргэний болон аж ахуйн хэргийн талаар шүүхээс гаргасан эцсийн шийдвэрийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсны дараа шийдвэр мөн гэж хүлээн зөвшөөрнө. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн  (а) – заалтад дурдсан шийдвэрийг гагцхүү энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа эдгээр шийдвэрийн талаар эрх зүйн үр дагавар үүссэн бол авч үзнэ.
3. Хүний эрх, үүрэгтэй холбоотой шийдвэрийг энэхүү Гэрээг хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан ч хүлээн зөвшөөрнө.
20 дугаар зүйл
Энэхүү Гэрээний 19 дүгээр зүйлд дурдсан шүүхийн шийдвэрийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт  дараахь нөхцөлд хүлээн зөвшөөрч, биелүүлнэ. Үүнд:
а/ Хэлэлцэн тохирогч аль нэг Талын гаргасан шүүхийн шийдвэр нь эцсийн бөгөөд тухайн нутаг дэвсгэр буюу хилийн бүс дотор биелүүлэх үндэслэлтэй бол;
б/ Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх буюу биелүүлэхийг хүссэн Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий шүүх гаргасан бол;
б/ Шүүхийн шийдвэр гаргасан Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийн дагуу хариуцагчид шүүхийн зарлан дуудах хуудсыг цаг тухайд нь зохих журмын дагуу гардуулсан бол;
в/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй зохигч бүрийг өөрийгөө хамгаалах эрхийг хязгаарлаагүй, тэдгээрт шүүхийн мэдэгдлийг  цаг тухайд нь зохих журмын дагуу гардуулсан, түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргах, өөрийгөө өмгөөлөх боломжгүй байсан тохиолдолд төлөөлөх эрхийг олгосон бол;
г/ Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх буюу биелүүлэхийг хүссэн Хэлэлцэн тохирогч Тал тухайн зохигчдын хувьд ижил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бол шүүх тэр хэрэгт эцсийн шийдвэр гаргасан байж болохгүй;
д/ Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх буюу биелүүлэхийг хүссэн Хэлэлцэн тохирогч Талын шүүхэд байгаа ижил баримтыг үндэслэн тухайн зохигчдын хувьд ижил зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлүүлэн явуулж болохгүй;
е/ Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх буюу биелүүлэхийг  хүссэн Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийг хэрэглэх шаардлагатай бол уг шийдвэрийг  дараахь тохиолдолд хүлээн зөвшөөрөх буюу биелүүлж болно;
i) Уг хууль тогтоомж нь хоорондоо тохирч байвал;
ii) Шийдвэр хүлээн зөвшөөрөх буюу биелүүлэхийг  хүссэн Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомж нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын хууль тогтоомжоос зарчмын хувьд ялгаагүй бол.
з/ Шийдвэр хүлээн зөвшөөрөх буюу биелүүлэхийг  хүссэн Хэлэлцэн тохирогч Талын эрх зүйн үндсэн зарчим болон нийгмийн хэв журамтай нийцэж байгаа бол.
21 дүгээр зүйл
Арбитрын шийдвэрийг зөвхөн энэхүү Гэрээний 20 дугаар зүйлийн  /е/ - гээс бусад заалтад заасан, түүнчлэн тэдгээрээс гадна дараахь нөхцөл бүрдсэн тохиолдолд биелүүлнэ. Үүнд:
а/ Шийдвэр биелүүлэх ёстой Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийн дагуу ижил төрлийн хэргийн талаар арбитрт хандаж болох бол;
б/ Хоёр Талын хооронд байгуулсан арбитрын гэрээ эсхүл арбитрын тухай заалтад үндэслэсэн арбитрын шийдвэртэй бол;
в/ Арбитрын бүрэлдэхүүнийг Талуудын хооронд байгуулсан арбитрын гэрээ эсхүл арбитрын ажиллагаа явуулсан Талын хууль тогтоомжийн дагуу байгуулсан бол;
г/ Арбитрч томилсон болон арбитраар хэргийг хянан хэлэлцэх тухай талуудад цаг тухайд нь зохих журмын дагуу мэдэгдсэн бол;
д/ Шийдвэр гаргасан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт уг арбитрын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол.
22 дугаар зүйл
1. Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх буюу биелүүлэх тухай хүсэлтийг энэхүү Гэрээний 2 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллагад шууд гаргана.
2. Хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана. Үүнд:
а/ Шийдвэрийн баталгаат хуулбар, хэрэв уг шийдвэрээс түүний хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд биелүүлбэл зохих байдал нь харагдахгүй бол гэрчилгээг хавсаргана;
б/ Шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй зохигч цаг тухайд нь зохих журмын дагуу шүүхийн зарлан дуудах хуудас гардуулсан тухай болон өөрийгөө өмгөөлөх боломжгүй байсан болон түүнийг зохих ёсоор төлөөлөн оролцсон тухай гэрчилгээ;
в/ Дээрх /а/, /б/ заалтад дурдсан баримт бичигт шийдвэрийг хүлээн зөвшөөрөх буюу биелүүлэх Хэлэлцэн тохирогч Талын хэлээр эсхүл англи хэлнээ хөрвүүлсэн баталгаат орчуулгыг хавсаргасан байна.
23 дугаар зүйл
1. Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөх буюу биелүүлэх ажиллагааг шийдвэр хүлээн зөвшөөрөх, биелүүлэх Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийн дагуу явуулна.
2. Энэхүү Гэрээг хэрэгжүүлэх явцад шийдвэр хүлээн зөвшөөрөх буюу биелүүлэх Хэлэлцэн тохирогч Талын байгууллага нь тухайн хэргийн хүрээнээс хальж болохгүй бөгөөд зөвхөн энэхүү Гэрээний нөхцөлийг баримталсан эсэхийг хянан үзнэ.
24 дүгээр зүйл
Энэхүү Гэрээний шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх буюу биелүүлэх нөхцөл нь шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны үр дүнд хураасан мөнгө, хөрөнгийг гадаад улсад шилжүүлэхтэй холбогдох Хэлэлцэн тохирогч Талуудын дотоодын хууль тогтоомжийг хөндөхгүй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
I ХЭСЭГ. Эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх
25 дугаар зүйл

1. Хэлэлцэн тохирогч Талуудын эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлнэ.
2. Эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэдэгт баримт бичиг хүргүүлэх, эд зүйлийг эрэн сурвалжлах, хураах болон хүргүүлэх, шинжээчээр дүгнэлт гаргуулах, яллагдагчийг байцаах, гэрч шинжээчээс мэдүүлэг авах, эд зүйл болон хэргийн газарт үзлэг явуулах зэрэг байцаан шийтгэх ажиллагаа явуулахыг хамааруулна.
26 дугаар зүйл
1. Эрүүгийн хэргийн талаар туслалцаа үзүүлэх тухай хүсэлтэд дараахь зүйлийг заана. Үүнд:
а/ Хүсэлт гаргасан, хүсэлт хүлээн авах байгуулагын нэр;
б/ Мөрдөн байцаалтын буюу хэргийн холбогдогч;
в/ Яллагдагч буюу ялтан этгээдийн нэр, оршин байгаа болон оршин суугаа газар, иргэний харъяалал, мэргэжил болон бололцоотой бол тэдгээрийн төрсөн газар, он, сар, өдөр, эцэг эхийн нэр;
г/ Тэдгээрийн хуулийн төлөөлөгчийн нэр, хаяг;
д/ Хүсэлт гаргасан зорилго, гэмт хэрэг гэж тооцох баримт материал болон гэмт хэргийн шинж байдлын тухай тодорхойлолт бүхий хүсэлт биелүүлэхэд шаардлагатай мэдээлэл.
2. Хүсэлт болон хавсралт баримт бичигт тэдгээрийг бүрдүүлсэн байгууллагын гарын үсэг, албан ёсны тамга байна.
27 дугаар зүйл
1. Хүсэлт хүлээн авсан байгууллага өөрийн улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу хүсэлтийг биелүүлнэ. Түүнчлэн хүсэлт хүлээн авсан байгууллага нь өөрийн хууль тогтоомжид харшлахгүйгээр Хүсэлт гаргасан Хэлэлцэн тохирогч Талын хүсэлтийн дагуу түүний хууль тогтоомжийг хэрэглэж болно.
2. Хэрэв Хүсэлт хүлээн авсан байгууллага нь хүсэлтийг биелүүлэх эрхгүй байвал уг хүсэлтийг өөрийн эрх бүхий байгууллагад шилжүүлэх бөгөөд энэ тухайгаа Хүсэлт гаргасан байгууллагад мэдэгдэнэ.
3. Хүсэлт гаргасан Хэлэлцэн тохирогч талын хүсэлтээр хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал уг хүсэлтийг биелүүлсэн өдөр, газрын талаар мэдэгдэнэ. Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал хүсэлт гаргасан Хэлэлцэн тохирогч Талын сонирхсон албан тушаалтан, этгээдийг хүсэлт биелүүлэх үед байлцах зөвшөөрөл олгож болно.
4. Хүсэлт хүлээн авсан байгууллага хүсэлт биелүүлсний дараа хүсэлт биелүүлэхэд үндэслэсэн баримт бичгийг хүсэлт гаргасан байгууллагад буцаах бөгөөд хүсэлтийг биелүүлээгүй бол тэр шалтгааныг хүсэлт гаргасан байгууллагад мэдэгдэнэ.
28 дугаар зүйл
1. Хэрэв Хүсэлт гаргасан Хэлэлцэн тохирогч Талын шүүх хэргийг хэлэлцэх үед гэрч буюу шинжээчийг биечлэн байлцах шаардлагатай гэж үзвэл энэ тухайгаа шүүхийн зарлан дуудах хуудас гардуулах тухай хүсэлтэд дурдана.
2. Энэ зүйлийн нэг дэх хэсэгт дурдсан хүсэлт нь  шүүхийн зарлан дуудах хуудасны дагуу хүрэлцэн ирээгүй тохиолдолд торгох буюу бусад шийтгэл оногдуулах тухай заасан байж болохгүй.
3. Гэрч буюу шинжээчид олгох мөнгө, хоногийн зардлыг Хүсэлт гаргасан Хэлэлцэн тохирогч Тал хариуцна.
4. Хэлэлцэн тохирогч тухайн Талын шүүхэд сайн дураараа хүрэлцэн ирсэн гэрч буюу шинжээчийг аль улсын харьяат болохыг үл харгалзан тэр нутаг дэвсгэрт түүнийг улсын хил нэвтрэхийн өмнө үйлдсэн ямар нэг үйлдэлд мөрдөн байцаах, албадан саатуулах, цагдан хорих эсхүл бусад хэлбэрээр хувийн эрх чөлөөг хязгаарлаж болохгүй. Уг этгээд мөрдөн байцаах болон бусад байцаан шийтгэх ажиллагаанд оролцохдоо холбогдох байцаан шийтгэх ажиллагааны дагуу хийсэн үйлдэлд дээрх баталгааг мөн эдэлнэ.
5. Гэрч буюу шинжээч нь өөрийн цаашид байх шаардлагагүй тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш Хүсэлт гаргасан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрээс 15 хоногийн дотор гарч яваагүй бол энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан баталгааг алдана. Гэрч буюу шинжээчийг Хүсэлт гаргасан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрээс чөлөөтэй гарахад саад тохиолдсон хугацааг энэ хэсэгт заасан хугацаанаас хасаж тооцно.
29 дүгээр зүйл
1. Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал өөрийн Талын хэлнээ хөрвүүлсэн орчуулга болон баталгааг хавсаргасан баримт бичгийг өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу гардуулах ажиллагааг хангана. Бусад тохиолдолд Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал баримт бичиг хүлээн авсан этгээдийн зөвшөөрснөөр уг баримт бичгийг гардуулна.
2. Баримт бичиг гардуулах тухай хүсэлтэд уг баримт бичгийг Хүлээн авсан этгээдийн үнэн зөв хаяг болон баримт бичгийн агуулгыг заасан байна.
3. Хэрэв баримт бичгийг заасан хаягаар гардуулах боломжгүй байвал Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал уг баримт бичгийг хүлээн авсан этгээдийн үнэн зөв хаягийг тогтоох талаар шаардлагатай арга хэмжээ авна. Хэрэв хаягийг тогтоох боломжгүй бол Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал энэ тухайгаа Хүсэлт гаргасан Хэлэлцэн тохирогч Талд мэдэгдэж баримт бичгийг буцаана.
30 дугаар зүйл
Шийдвэр биелүүлсэн  тухай нотлох баримтыг Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийн дагуу бүрдүүлнэ. Уг баримтад шийдвэр биелүүлсэн цаг, өдөр, газрыг заана.
31 дүгээр зүйл
Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал нь 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дурдсан нөхцлийн дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон өөрийн нутаг дэвсгэрт гарах зардлыг хариуцах бөгөөд уг зардал нь нөхөж олгогдохгүй.
32 дугаар зүйл
1. Дараахь тохиолдолд туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж болно. Үүнд:
а/ Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь түүний тусгаар тогтнол, аюулгүй байдал болон нийгмийн хэв журамд хохирол учирч болзошгүй гэж үзвэл;
б/ Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг биелүүлэх нь түүний дотоодын хууль тогтоомжид харшилна гэж үзвэл.
2. Хэрэв энэ зүйлийн нэг дэх хэсгийн дагуу туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй бол энэ тухай шалтгааныг заана.
33 дугаар зүйл
1. Энэхүү гэрээний 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 68 дугаар зүйлд зааснаас бусад туслалцаа үзүүлэх тухай хүсэлт болон хавсралт баримт бичигт Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын хэлнээ эсхүл англи хэлнээ хөрвүүлсэн орчуулгыг хавсаргасан байна.
2. Хүсэлт гаргасан Хэлэлцэн тохирогч Талын орчуулгыг баталгаажуулсан гэрчилгээг баталгаат орчуулагч, нотариатч, эсхүл Хэлэлцэн тохирогч Талуудын дипломат төлөөлөгчийн буюу консулын газраас олгож болно.
3. Хүсэлт биелүүлэх явцад бүрдүүлэх баримт бичгийг Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын хэлээр үйлдэнэ.
II ХЭСЭГ. Шилжүүлэн өгөх
34 дүгээр зүйл

1. Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү Гэрээний заалтын дагуу өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа этгээдийг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа явуулах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх зорилгоор аль нэг Талаас гаргасан хүсэлтийн дагуу харилцан шилжүүлэн өгөхийг зөвшөөрнө.
2. Хэлэлцэн тохирогч хоёр Талын хууль тогтоомжийн дагуу гагцхүү 12 сараас дээш хугацаагаар хорих буюу түүнээс хүнд ял оногдуулж болох гэмт хэрэгт мөрдөн байцаалт буюу шүүн таслах ажиллагаа явуулах зорилгоор шилжүүлэн өгч болно.
3. Гагцхүү хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 6 сараас дээш хугацаагаар хорих ял шийтгэл  буюу өөр хүнд ял оногдуулсан тохиолдолд таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх зорилгоор шилжүүлэн өгч болно.
4. Хэрэв Хэлэлцэн тохирогч Талуудын хууль тогтоомжид зааснаар тус тусдаа хорих ял оногдуулж болох хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг шилжүүлэн өгөх хүсэлтийг энэ зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан нөхцөлтэй нийцээгүй бол Хүсэлт хүлээн авсан Тал сүүлийн гэмт хэргүүдэд нь холбогдуулан шилжүүлэн өгөх эрхтэй байна.
35 дугаар зүйл
1. Дор дурдсан тохиолдолд шилжүүлэн өгөхөөс татгалзана. Үүнд:
а/ Хэрэв шилжүүлэн өгөхийг хүссэн этгээд нь Хүсэлт хүлээн авсан Талын иргэн бол;
б/ Хэрэв Хүсэлт хүлээн авсан Талын дотоодын хууль тогтоомжийн дагуу хүсэлтийг хүлээн авах боломжгүй, эсхүл хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу бусад үндэслэлийн улмаас ял оногдуулах боломжгүй болсон тохиолдолд;
в/ Хэрэв шилжүүлэн өгөхийг хүссэн этгээдийн хувьд Хүсэлт хүлээн авсан Тал тухайн гэмт хэргийн талаар шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гаргасан эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон бол;
г/ Хэрэв Хүсэлт хүлээн авсан Талын нутагт тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн бол.
2. Хэрэв Хүсэлт хүлээн авсан Тал шилжүүлэн өгөхийг хүссэн өөрийн Улсын этгээдийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд, Хүсэлт гаргасан Талын хүсэлтийн дагуу түүнд эрүүгийн хэрэг үүсгэнэ. Хэргийн материал, мэдээлэл болон бусад нотлох баримтыг Хүсэлт гаргасан Тал Хүсэлт хүлээн авсан Талд хүлээлгэн өгнө. Хүсэлт хүлээн авсан Тал Хүсэлт гаргасан Талд байцаан шийтгэх ажиллагааны үр дүнгийн тухай мэдэгдэнэ.
36 дугаар зүйл
1. Гэмт хэрэгт холбогдуулан мөрдөх буюу шүүн таслах ажиллагаа явуулах этгээдтэй холбогдох шилжүүлэн өгөх тухай хүсэлтэд баривчлах тухай тогтоолын баталгаажуулсан хуулбар, гэмт хэргийн үйлдлийг тодорхойлсон мэдэгдэл болон уг гэмт хэргийн болон оногдох ялын тухай хуулийн зүйл, заалтыг тус тус хавсаргана. Хэрэв гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан бол уг хохирлын хэмжээг бололцооны хэрээр тодорхой заана.
2. Таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөхийг хүссэн этгээдтэй холбогдох хүсэлтэд шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын баталгаажуулсан хуулбар болон гэмт хэрэгт ял оногдуулсан зүйл ангийн бүрэн заалтыг хавсаргана. Хэрэв ялтан этгээд ялын зарим хэсгийг эдэлсэн бол тэр тухай заана.
3. Хүсэлтэд шилжүүлэн өгөхийг хүссэн этгээдийн иргэний харъяалал, бололцоотой бол гадаад төрх байдлын тодорхойлолт, оршин суугаа газрын тухай мэдээ болон түүний гэрэл зураг, хурууны хээг хавсаргана.
4. Хүсэлт гаргасан Тал шилжүүлэн өгөхийг хүссэн этгээдтэй холбогдсон гэмт хэргийн талаарх нотлох баримтыг гаргаж өгөх үүрэг хүлээхгүй.
37 дугаар зүйл
Хэрэв шилжүүлэн өгөх тухай хүсэлтэд шаардлагатай мэдээллийг бүрэн тусгаагүй байвал Хүсэлт хүлээн авсан Тал түүнийг бүрдүүлэх талаар хүсэлт тавьж болно. Энэ зорилгоор Хүсэлт хүлээн авагч Тал хугацаа тогтоож болох бөгөөд 2 сараас дээшгүй хугацаагаар сунгаж болно.
38 дугаар зүйл
Шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг хүлээн авмагц Хүсэлт хүлээн авсан Тал нэн даруй хэрэгцээтэй, үүний дотор түр саатуулж баривчлах бүх арга хэмжээг авна. Энэ заалт нь энэхүү гэрээний заалтын дагуу шилжүүлэн өгөх үүрэг хүлээгээгүй тохиолдолд хамаарахгүй.
39 дүгээр зүйл
Яаралтай тохиолдолд Хүсэлт гаргасан Талын эрх бүхий байгууллага шилжүүлэн өгөхийг хүссэн этгээдийг түр хугацаагаар баривчлах тухай хүсэлт гаргаж болно. Хүсэлт хүлээн авсан Талын эрх бүхий байгууллага нь өөрийн хууль тогтоомжийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэнэ.
Түр баривчлах тухай хүсэлтэд 36 дугаар зүйлийн 1 буюу 2 дугаар хэсэгт заасан баримт бичиг болон шилжүүлэн өгөх хүсэлт гаргах зорилготойг дурдана. Мөн ямар гэмт хэргийн улмаас шилжүүлэн өгөхийг хүссэн, гэмт хэрэг нь хэзээ, хаана яаж үйлдэгдсэн болон шилжүүлэн өгөхийг хүссэн этгээдийн тодорхойлолтыг бололцооны хэрээр тусгана.
Түр баривчлах тухай хүсэлтийг Хүлээн авсан Талын эрх бүхий байгууллагад дипломат шугамаар болон шуудан, цахилгаан, эсхүл Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагаар /Интерпол/ дамжуулах буюу Хүсэлт хүлээн авсан Талд хүлээн зөвшөөрөгдсөн бичгээр нотлогдох өөр бусад аргаар явуулна.
Хүсэлтийн үр дүнгийн талаар Хүсэлт гаргасан байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
Хэрэв Хүсэлт хүлээн авсан Тал 36 дугаар зүйлд заасан баримт бичиг болон шилжүүлэн өгөх хүсэлтийг баривчилснаас хойш 45 хоногийн дотор хүлээн аваагүй бол түр баривчилгааг цуцлана. Энэ нь ямар ч тохиолдолд баривчилсан өдрөөс хойш 60 хоногоос хэтэрч болохгүй. Ямар ч тохиолдолд дээрх хугацаанаас өмнө суллаж болох бөгөөд энэ тохиолдолд Хүсэлт хүлээн авсан Тал шилжүүлэн өгөхийг хүссэн этгээдийг оргон зайлахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авна.
Ийнхүү сулласан нь шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг сүүлд хүлээн авснаар дахин баричвлах болон шилжүүлэн өгөхөд саад болохгүй.
40 дүгээр зүйл. Хойшлуулах буюу болзолтой хүлээлгэн өгөх
1. Хүсэлт хүлээн авсан Тал шилжүүлэн өгөх тухай хүсэлтийн талаар өөрийн шийдвэрийг гаргасны дараа шилжүүлэн өгөхийг хүссэнээс өөр гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татагдсан буюу ял шийтгэл оногдуулсан тогтоолыг биелүүлэх зорилгоор хүлээлгэн өгөхийг хойшлуулж болно.
2. Хүсэлт хүлээн авсан Тал хүлээлгэн өгөхийг хойшлуулахын оронд шилжүүлэн өгөхийг хүссэн этгээдийг Хүсэлт гаргасан Талд түр хугацаагаар хүлээлгэ өгч болно. Хүлээлгэн өгөх үндэслэл болсон ажиллагааг дууссаны дараа ийнхүү түр хүлээлгэн өгсөн этгээдийг Хүсэлт хүлээн авсан Талд буцааж явуулах бөгөөд ямар ч тохиолдолд энэ нь 3 сараас дээшгүй хугацаатай байна.
41 дүгээр зүйл. Давхацсан хүсэлт
Хэрэв нэг этгээдийг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг нэгээс дээш улсаас ирүүлсэн бол аль хүсэлтийг биелүүлэх тухай ауудлыг Хүсэлт хүлээн авсан Тал шийдвэрлэнэ.
42 дугаар зүйл. Тусгайлсан журам ба гуравдагч улсад дахин шилжүүлэн өгөх
1. Шилжүүлэн өгсөн этгээдийг Хүсэлт хүлээн авсан Талын  зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн өгснөөс нь өөр гэмт хэрэгт мөрдөн байцаах, шүүх эсхүл таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх, мөн түүнийг хүлээлгэн өгөхөөс өмнө үйлдсэн гэмт хэргийн төлөө гуравдагч улсад дахин шилжүүлэн өгч болохгүй.
2. Дор дурдсан тохиолдолд Хүсэлт хүлээн авсан Талын зөвшөөрлийг авах шаардлагагүй. Үүнд:
а/ Хэрэв шилжүүлэн өгсөн этгээд нь байцаан шийтгэх ажиллагаа дууссан эсхүл таслан шийдвэрлэх тогтоол биелэгдсэнээс хойш 15 хоногийн дотор Хүсэлт гаргасан Талын нутагт дэвсгэрээс гарч яваагүй бол, суллагдсан  этгээд Хүсэлт гаргасан Талын нутаг дэвсгэрээс сайн дураар гарч чадаагүй цаг хугацааг энэ хугацаанд оруулахгүй,
б/ Хэрэв шилжүүлэн өгсөн этгээд гарч явсны дараа Хүсэлт гаргасан Талын нутаг дэвсгэрт буцаж очсон бол.
43 дугаар зүйл. Хүсэлтийн талаарх шийдвэр
1. Хүсэлт хүлээн авсан Тал шилжүүлэн өгөх хүсэлтийн талаар гаргасан шийдвэрээ Хүсэлт гаргасан Талд мэдэгдэнэ.
2. Шилжүүлэн өгөх хүсэлтийг бүрэн буюу хэсэгчлэн татгалзсан бол энэ тухай үндэслэлийг Хүсэлт гаргасан Талд мэдээлнэ.
3. Хэрэв шилжүүлэн өгөх хүсэлтийг зөвшөөрсөн бол Хүсэлт хүлээн авсан Тал хүлээлгэн өгөх цаг хугуцаа, газрыг Хүсэлт гаргасан Талд мэдэгдэнэ. Хэрэв Хүсэлт гаргасан Тал товлосон өдрөөс хойш 15 хоногийн дотор шилжүүлэн өгөхийг хүссэн этгээдийг хүлээн аваагүй бол түүнийг суллана.
44 дүгээр зүйл
Хэрэв шилжүүлэн өгсөн этгээд оргож Хүсэлт хүлээн авсан Талын нутаг дэвсгэрт очвол шилжүүлэн өгөх тухай шинээр хүсэлт тавихад энэхүү Гэрээний 36 дугаар зүйлд дурдсан баримт бичгийг шаардахгүй.
45 дугаар зүйл. Дамжуулан өнгөрүүлэх
1. Хэлэлцэн тохирогч Тал Хэлэлцэн тохирогч нөгөө Талын хүсэлтээр гуравдагч улсаас уг Талд хүлээлгэн өгсөн этгээдийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг зөвшөөрнө. Энэхүү гэрээний заалтын дагуу шилжүүлэн өгөхийг хориглосон гэмт хэргийн талаар Хэлэлцэн тохирогч Талууд дамжуулан өнгөрүүлэх зөвшөөрөл олгох үүрэг хүлээхгүй.
2. Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгуулагууд нь хэрэг тус бүрт дамжуулан өнгөрүүлэх арга хэлбэр, маршрут зам болон бусад нөхцлийн талаар хэлэлцэн тохирно.
46 дугаар зүйл. Байцаан шийтгэх ажиллагааны дүнгийн тухай мэдээлэл
Хүсэлт гаргасан Тал шилжүүлэн өгсөн этгээдийг хүлээн авсаны дараа түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийн дүнг хүсэлт хүлээн авсан Талд мэдэгдэнэ. Энэ үүргээс гадна Хүсэлт гаргасан Тал нь Хүсэлт хүлээн авсан Талын хүсэлтийн дагуу хэргийн эцсийн шийдвэрийн хуулбарыг хүргүүлнэ.
47 дугаар зүйл
Шилжүүлэн өгөх ажиллагаанд болон түр баривчлахдаа гагцхүү Хүсэлт хүлээн авсан Талын хууль тогтоомжийг баримтална.
48 дугаар зүйл
Шилжүүлэн өгөх хүсэлтийн баримт бичиг Хүсэлт хүлээн авсан Талын хэл эсхүл Англи хэлээр үнэн зөв баталгаажсан орчуулгыг хавсаргана.
III ХЭСЭГ. Ялтнуудын таслан шийдвэрлэх тогтоолыг тэдний харъяалах улсад нь биелүүлэх зорилгоор шилжүүлэх
49 дүгээр зүйл
1. Хэлэлцэн тохирогч аль нэг Талын иргэн нөгөө Талын нутаг дэвсгэрт хорих ялаар шийтгэгдсэн бол Хэлэлцэн тохирогч Талуудын хэлэлцээр болон энэхүү Гэрээнд заасны дагуу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр түүнийг харъяалах улсад шилжүүлнэ.
2. Тухайн этгээдэд таслан шийдвэрлэх тогтоол гаргасан Хэлэлцэн тохирогч Талын /Таслан шийдвэрлэх тогтоол гаргагч улс/ хүсэлт болон тухайн этгээдийг хүлээн авч байгаа Талын /Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэгч улс/ тохиролцооны үндсэн дээр ялтныг шилжүүлнэ.
3. Ял шийтгэгдсэн этгээдийг харъяалах үлс түүнийг шилжүүлэн авах талаар хүсэлт гаргаж болно.
50 дугаар зүйл
49 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулахаар ялтан, түүний төлөөлөгч эсхүл гэр бүлийн гишүүд нь аль нэг Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллагад хандаж болно. Таслан шийдвэрлэх тогтоол гаргагч Улсын эрх бүхий байгууллагууд ийм өргөдөл гаргах боломжийн тухай ялтанд мэдэгдэнэ.
51 дүгээр зүйл
Ялтаны ял шийтгүүлсэн үйлдэл нь Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэгч Улсын хууль тогтоомжийн дагуу гэмт хэрэгт тооцоогдож байгаа нөхцөлд ялтан шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлнэ.
52 дугаар зүйл
1. Гагцхүү ялтны зөвшөөрснөөр түүнийг шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлнэ.
2. Хэрэв тухайн ялтан өөрийн зөвшөөрлийг илэрхийлэх чадваргүй байвал түүний хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрлийг авна.
53 дугаар зүйл
Таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэгч улс шилжүүлэх хүсэлтийг зөвшөөрсөн эсэхээ аль болох богино хугацаанд Таслан шийдвэрлэх тогтоол гаргагч улсад мэдэгдэнэ.
54 дүгээр зүйл
1. Хэрэв Хэлэлцэн тохирогч Талууд ялтанг шилжүүлэхээр тохиролцсон бол Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэгч улсын эрх бүхий байгууллагууд тогтоолд заасан ялын төрөл, хугацааг баримтлана.
2. Хэрэв ялын төрөл, хугацаа нь Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэгч улсын хуульд нийцэхгүй буюу тухайн улсын хуулиар өөрчлөх шаардлагатай бол Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэгч улсын эрх бүхий байгууллага ялыг өөрийн хуулийн ижил төстэй гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялаар сольж болно. Уг ял нь Таслан шийдвэрлэх тогтоол гаргагч улсын оногдуулсан ялтай аль болох дүйцэж байх шаардлагатай. Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэгч улсын оногдуулсан ял нь төрөл, хугацааны хувьд Таслан шийдвэрлэх тогтоол гаргагч улсын оногдуулсан ялаас хүнд байж болохгүй бөгөөд таслан шийдвэрлэх тогтоол гаргагч улсын хуульд ижил төстэй гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.
3. Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэгч улсын эрх бүхий байгууллага хүлээн авсан баримтыг үндэслэх бөгөөд хорих ялыг өөр төрлийн ялаар сольж болохгүй.
55 дугаар зүйл
Таслан шийдвэрлэх тогтоол гаргагч улсаас шилжүүлэх хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллага шилжүүлэн өгөх газар, хугацаа, нөхцөлийг аль болох богино хугацаанд тохиролцоно. Ялтан шилжүүлэх ажиллагаа Таслан шийдвэрлэх тогтоол гаргагч улсын нутаг дэвсгэр дээр явагдана.
56 дугаар зүйл
1. Ял болон тэнсэн харгалзах журмыг биелүүлэхдээ Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэгч улсын хуулийг баримтална.
2. Шилжүүлэгдсэн ялтанд Таслан шийдвэрлэх тогтоол гаргагч болон биелүүлэгч улсын өршөөл нэг адил үйлчилнэ.
3. Шилжүүлэгдсэн ялтанд гагцхүү Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэгч улсаас уучлал үзүүлж болно.
4. Шилжүүлэн өгсний дараа гаргасан аливаа өргөдлийн дагуу шүүхийн шийдвэрийг хянах эрхийг гагцхүү Таслан шийдвэрлэх тогтоол гаргагч улсын шүүх эдэлнэ.
57 дугаар зүйл
1. Хэлэлцэн тохирогч Талууд ял шийтгэдсэн этгээдийн ял эдлэлтэд нөлөөлөх, тухайлбал, өршөөл, уучлал үзүүлэх буюу шийдвэрийг хянуулахаар өргөдөл гаргах зэрэг өөрчлөлтийн талаар харилцан мэдээлнэ.
2.Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэгч Улс ялыг эдлүүлж дууссаны дараа энэ тухай Таслан шийдвэрлэх тогтоол гаргагч Улсад мэдэгдэнэ.
58 дугаар зүйл
Ялтныг Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэгч улсад шилжүүлэхдээ энэхүү гэрээний 43 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журамд нийцүүлнэ.
59 дүгээр зүйл
1. Шилжүүлэх тухай хүсэлтийг бичгээр гаргана.
2. Хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргасан байна. Үүнд:
а/ Эцсийн шийдвэр болох тухай мэдээлэл бүхий шүүхийн шийдвэрийн баталгаажуулсан хуулбар;
б/ Гэмт хэрэг болон оногдуулах ялын талаар заасан хуулийн заалт;
в/ Ялтны овог нэр, яс үндэс, байнгын болон түр оршин суугаа газрын талаар аль болох дэлгэрэнгүй мэдээллийг багтааасан  баримт бичгүүд;
г/ Ялын зарим хэсгийг Таслан шийдвэрлэх тогтоол гаргагч улсад эдэлсэнийг нотолсон баримт бичиг;
д/ Ялтнаас шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн зөвшөөрөл;
е/ Хүсэлттэй холбогдох бусад баримт бичгүүд.
60 дугаар зүйл
Хэрэв Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэгч Улс нь ирүүлсэн мэдээлэл болон баримт бичгийг хангалтгүй гэж үзвэл нэмэлт мэдээлэл ирүүлэхиийг хүсэх эрхтэй бөгөөд уг мэдээллийг хүлээн авах хугацааг хууль ёсны хүсэлтийн дагуу сунгаж болно. Хэрэв нэмэлт мэдээллийг ирүүлэхгүй бол Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэгч Улс урьд нь ирүүлсэн мэдээлэл болон баримт бичгийг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэнэ.
61 дүгээр зүйл
Шилжүүлэх тухай хүсэлт болон дагалдах баримт бичиг нь албан бус байж болох ба тэдгээрийн орчуулгыг Таслан шйидвэрлэх тогтоол биелүүлэгч Улсын хэлнээ эсхүл англи хэлнээ хөрвүүлэн хавсаргана.
62 дугаар зүйл
Таслан шийдвэрлэх тогтоол гаргагч Улсын нутаг дэвсгэр дээр гарснаас бусад шилжүүлэх ажиллагаатай холбогдон гаргасан аливаа зардлыг Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэгч улс хариуцна.
IV ХЭСЭГ. Эрүүгийн хэрэгт хамааралтай бусад заалтууд
63 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн өөрийн иргэнд дотоодын хууль тогтоомжийн дагуу нөгөө Талын хүсэлтээр эрүүгийн хэрэг үүсгэх, байцаан шийтгэх ажиллагааг явуулах үүрэг хүлээнэ.
64 дүгээр зүйл
1. 63 дугаар зүйлд дурдсан эрүүгийн хэрэг үүсгэх, байцаан шийтгэх ажиллагаа явуулах тухай Хэлэлцэн тохирогч Талаас ирүүлэх өргөдөлд дараахь зүйлийг тусгана. Үүнд:
а/ Хүсэлт гаргасан байгууллагын нэр;
б/ Гэмт хэрэг гаргасан хугацаа, газар болон гэмт хэрэгтэй холбогдсон баримт бичиг;
в/ Сэжигтний овог нэр, яс үндэс болон байнга буюу түр оршин суугаа газрын тухай аль болох дэлгэрэнгүй мэдээлэл.
2. Хүсэлтэд дараах баримт бичгийн хавсаргана. Үүнд:
а/ Урьдчилсан мөрдөн байцаалтын проткол буюу хүсэлт гаргагч Талын хэлээр бэлтгэсэн тэдгээрийн баталгаажуулсан хуулбар;
б/ Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд нотлох баримт болох бүхий л баримт бичиг ба эд зүйл, үүнд энэхүү Гэрээний 67 дугаар зүйл хамаарна;
в/ Гэмт хэрэг үйлдсэн газрын хүчин төгөлдөр хуулийн холбогдох заалтууд;
г/ Шаардлагатай тохиолдолд болон боломжтой бол сэжигтний гэрэл зураг ба хурууны хээ.
3. Хүсэлт хүлээн авсан Тал байцаан шийтгэх ажиллагааны дүнгийн талаар нөгөө Талд мэдэгдэх ба эцсийн шийдвэрийн хуулбарыг хүргүүлнэ.
65 дугаар зүйл
1. Хэрэв Хэлэлцэн тохирогч аль нэг Талын нутаг дэвсгэр дээр хоригдож байгаа этгээдийн Хүсэлт гаргагч Тал гэрчээр байцаах шаардагатай бол уг этгээдийн хяналтад байлгах бөгөөд байцаалт явуулсан дараа аль болох богино хугацаанд буцаах болзолтойгоор Хүсэлт гаргасан Талд түр шилжүүлэхийг Хүсэлт хүлээн авсан Тал зөвшөөрч болно.
2. Хэрэв Гуравдагч улсад хоригдож байгаа этгээдийг гэрчээр байцаах шаардагатай бол Хэлэлцэн тохирогч Талууд өөрсдийн нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэх зөвшөөрлийг олгоно.
3. Дээрх 1,2 дугаар хэсэгт дурдсан хэргийг шийдвэрлэхэд 28 дугаар зүйлийн заалтыг хэрэглэнэ.
66 дугаар зүйл
1. Шилжүүлэн өгөх этгээд байхгүй болон бусад өөр шалтгаанаар гэмт этгээдийг шилжүүлэн өгөх ажиллагаа явагдсан эсэхээс үл хамааран гэмт хэрэгт холбоотой эсхүл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд нотлох баримт болох аливаа эд зүйлийг Хүсэлт гаргасан Талд хүгүүлнэ.
2. Хүсэлт хүлээн авсан Тал эрүүгийн байцаан шийтгэх бусад ажиллагаанд шаардагатай гэж үзвэл эд зүйл шилжүүлэхийг түр хойшлуулж болно.
3. Тухайн эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн эрх хэвээр хадаглагдана. Энэхүү эд хөрөнгийг холбогдох этгээдүүдэд Хүсэлт хүлээн авсан Тал буцаана.
67 дугаар зүйл
Гагцхүү Хүсэлт хүлээн авсан Талын нутаг дэвсгэр дээр гаргасан зардлаас бусад шилжүүлэн өгөх болон эд хөрөнгө хүгүүлэхтэй холбогдон гарсан зардлыг Хүсэлт гаргасан Тал хариуцна.
68 дугаар зүйл
1. Хэлэлцэн тохирогч Талууд нөгөө Талын иргэдэд хамааралтай биелэгдсэн болон эцэслэн шийдэгдсэн шүүхийн шийдвэрийн талаар жилд нэгээс доошгүй удаа харилцан мэдээлнэ.
2. Хэлэлцэн тохирогч Талууд нь Хүсэлт хүлээн авсанТалын нутаг дэвсгэр дээр урьд ял шийтгэгдсэн болон Хүсэлт гаргасан Талын нутаг дэвсгэр дээрх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон этгээдийн шүүхийн протоколд хамаарах мэдээллийг хүсэлтийг дагуу харилцан хүргүүлнэ.
3. Дээрх 1,2 дугаар хэсэгт дурдсан тохиолдолд Хэлэлцэн тохирогч Талууд ял шийтгүүлсэн этгээдийн хурууны хээг богино хугацаанд харилцан хүргүүлнэ.
69 дүгээр зүйл
Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн хэргийн талаар гаргасан хүсэлтэд гуравдугаар бүлгийн заалтуудыг хэрэглэж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ
70 дугаар зүйл
Энэхүү Гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарч болох аливаа хүндрэлийг дипломат шугамаар шийдвэрлэнэ.
71 дүгээр зүйл
Энэхүү Гэрээг соёрхон бталах бөгөөд Батлах жуух бичгүүдийг Анкара хотод солилцоно.
Энэхүү Гэрээ нь Батламж жуух бичгүүдийг солилцсоноос хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
72 дугаар зүйл
Энэхүү Гэрээг тодорхой хугацаагүйгээр байгуулна. Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд Гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Талд өгснөөр Гэрээг цуцлаж болно.
Нөгөө Тал эл мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 6 сар өнгөрсний дараа Гэрээ хүчингүй болно.
Дээрхийг нотолж, Хэлэлцэн тохирогч Талуудын холбогдох бүрэн эрхт төлөөлөгч энэхүү Гэрээнд гарын үсэг зурж, тамга дарна.
Энэхүү Гэрээг 2000 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо монгол, түрк, англи хэлээр гурван хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй байна. Энэхүү Гэрээг тайлбарлах явцад зөрүү гарвал англи хэлээрх эх бичвэрийг баримтлна.

Монгол Улсыг төлөөлж    Бүгд Найрамдах Түрк Улсыг төлөөлж
Хууль зүйн сайд    Хууль зүйн сайд
Дашпунцагийн Ганболд    Хикмет Сами Түрк

 

Холбоос