Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Agreement on customs cooperation PDF Print E-mail
Wednesday, 25 August 2010 04:07

Монгол улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Түрк Улсын Засгийн газар (цаашид “Хэлэлцэн тохирогч Талууд” гэж нэрлэгдэх),
Хоёр улсын найрсаг харилцааг гаалийн салбарт хамтран ажиллах замаар хөгжүүлэхийг хүсч;
Хоёр улсын хоорондын зорчигч болон бараа эргэлтийг гаалийн байгууллагын хамтын ажиллагааны шугамаар хөнгөвчлөхийг эрмэлзэн;
Гаалийн хууль тогтоомжийн зөрчил нь хоёр улсын нийгэм, эдийн засаг, худалдаа, санхүүгийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүйг анхаарч;
Мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисын хууль бус худалдаа нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн хөгжилд аюул учруулж байгааг анхааралдаа авч;
Бараа оруулах, гаргах үед гаалийн болон бусад албан татвар, өөр бусад төлбөрийг зөв ногдуулж, барагдуулах мөн түүнчлэн хориг, хязгаар, хяналт тавихтай холбогдсон хууль тогтоомжийн заалтуудыг зохих ёсоор хэрэгжүүлэх явдлыг хангахын чухлыг харгалзан үзэж;
Хоёр орны гаалийн байгууллага хамтран ажилласнаар гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, импорт, экспортын татварыг үнэн зөв хураан авах явдал илүү үр дүнд хүрнэ гэдэгт итгэж;
Дор дурьдсан зүйлийг хэлэлцэн тохиров:
Тодорхойлолт
1 дүгээр зүйл
Энэхүү Хэлэлцээрийн зорилгоор дор дурьдсан нэр томьёо хэрэглэгдэнэ:
1. ”Гаалийн хууль тогтоомж” гэж бараа оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэхтэй холбогдсон гаалийн болон бусад албан татвар, хураамж түүнчлэн хориг хязгаар, гаалийн байгууллагаас тавьж буй хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр Хэлэлцэн тохирогч талуудын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрхийн заалтуудыг хэлнэ.
2. ”Гаалийн байгууллага” гэж Монгол Улсад – Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах  Түрк Улсад – Гаалийн ерөнхий газрыг хэлнэ.
3. “Хүсэлт гаргагч гаалийн байгууллага” гэж гаалийн асуудлаар туслалцаа авах хүсэлт тавьсан эрх бүхий гаалийн байгууллагыг хэлнэ.
4. “Хүсэлт хүлээн авагч гаалийн байгууллага” гэж гаалийн асуудлаар туслалцаа үзүүлэх хүсэлтийг хүлээн авсан эрх бүхий гаалийн байгууллагыг хэлнэ.
5. ”Гаалийн хууль тогтоомжийн зөрчил” гэж гаалийн хууль тогтоомж зөрчсөн, эсхүл зөрчихийг завдсан аливаа үйлдлийг хэлнэ.
6. “Этгээд” гэж аливаа хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
7. ”Гаалийн албан татвар” гэж  Гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад Хэлэлцэн тохирогч талуудын нутаг дэвсгэр дээр ногдуулан барагдуулж буй татвар, хураамж болон өөр бусад төлбөрийг хэлнэ. Гэвч үзүүлсэн үйлчилгээний ойролцоо өртгийн үнийн дүнгээр хязгаарлагдаж байгаа хураамж болон зардлыг үүнд хамааруулахгүй.
8. “Мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис” гэж мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис, түүнчлэн “Мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай” НҮБ-ын 1988 оны Конвенцид заагдсан, эсхүл тэдгээрийг орлох бодисыг хэлнэ.
Хэлэлцээрийн үйлчлэх хүрээ
2 дугаар зүйл
1. Энэхүү Хэлэлцээрийн заалтын дагуу гаалийн байгууллагууд:
а) барааны эргэлтийг  хөнгөвчлөх, хурдасгах арга хэмжээ авах;
б) гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг мөрдөн шалгах, таслан зогсоох асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх;
в) гаалийн хууль тогтоомжийг сахиулах болон хэрэгжилтэнд нь хяналт тавихад шаардагдах мэдээллээр хангах замаар хүсэлтийн дагуу харилцан бие биедээ туслалцаа үзүүлэх;
г) гаалийн шинэ горимыг судлах, боловсронгуй болгох, тэдгээрийг мөрдөх, түүнчлэн гаалийн байцаагчдыг сургах, солилцох, хамтын хүч шаардагдах бусад асуудлаар хамтран ажиллах;
д) гаалийн горимыг уялдуулж, хялбарчлахыг эрмэлзэх.
2. Шүүхийн, захиргааны, мөрдөн шалгах болон бусад шугамаар шүүн таслах бүхий л ажиллагаанд зориулан энэхүү зүйлийн “б”, “в”-д заасан туслалцааг үзүүлж болно.
3. Энэхүү Хэлэлцээрт заасан туслалцааг, хүсэлт хүлээн авсан гаалийн байгууллагын Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу, өөрсдийн эх хэмжээ, нөөц бололцооны хүрээнд харилцан үзүүлнэ. Шаардлагатай бол, хүсэлт хүлээн авсан гаалийн байгууллага туслалцааг, өөрийн улсын Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу эрх бүхий өөр байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч болно.
Хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх хэлбэр
3 дугаар зүйл
1. Гаалийн байгууллагууд энэхүү Хэлэлцээрийн заалтын дагуу, өөрийн санаачлагаар, эсхүл нөгөө талын хүсэлтээр, шаардлагатай бүх мэдээллийг харилцан бие биедээ гаргаж өгнө.
2. Гаалийн байгууллагууд:
а) өөрсдийн үйл ажил, гаалийн техник ажиллагаатай холбогдсон туршлага, гаалийн хууль тогтоомжийн зөрчил үйлдсэн шинэ арга, хэрэгслийн талаар мэдээлэл солилцоно;
б) өөрсдийн гаалийн хууль тогтоомжид орсон зарчмын өөрчлөлт, түүнчлэн гаалийн хяналтын дэвшилтэт техник хэрэгслийг ашиглаж байгаа талаар мэдээлэхийн зэрэгцээ мөн харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.
4 дүгээр  зүйл
1. Гаалийн байгууллагууд, өөрийн санаачлагаар, эсхүл нөгөө талын хүсэлтээр, дор дурьдсан асуудлын үнэн зөвийг шийдвэрлэхэд тус дөхөм болох бүхий л мэдээллийг харилцан бие биедээ гаргаж өгнө:
а) гаалийн байгууллагаас хураан авсан гаалийн болон бусад албан татвар, өөр бусад төлбөрийн ногдуулалт, ялангуяа барааны гаалийн үнэ, тэдгээрийн тарифын ангиллыг тодорхойлоход тус дөхөм болох мэдээлэл;
б) импорт, экспорт, дамжуулан өнгөрүүлэх бараанд тавьсан хориг, хязгаарлалт, гаалийн болон бусад албан татвар, өөр бусад төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилт;
в) барааны гарал үүслийг тодорхойлох дүрмийн хэрэгжилт.
2. Хэрэв хүсэлт хүлээн авсан гаалийн байгууллагад хүссэн мэдээлэл байхгүй байх тохиолдолд хүсэлт хүлээн авсан гаалийн байгууллага тухайн мэдээллийг өөрийн Улсын нутаг дэвсгэрт бүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу, өөрийн нэрийн өмнөөс олж авахыг эрмэлзэнэ.
Зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд тавих хяналт
5 дугаар зүйл
Гаалийн байгууллагууд өөрийн санаачлагаар, эсхүл нөгөө талын хүсэлтээр дараах зүйлд хяналт тавина:
а) нөгөө улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн этгээд хоёр Улсын нутаг дэвсгэрт орох, гарах;
б) нөгөө улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оруулсан, эсхүл тэндээс хууль бусаар гаргасанд тооцогдож гаалийн байгууллагуудаас мэдээлсэн барааг оруулах, гаргах;
в) нөгөө улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гаалийн хууль тогтоомжийн зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, чингэлэг;
г) нөгөө улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оруулж болзошгүй бараа хадгалагдаж буй газар.
Барааны хууль бус эргэлттэй тэмцэх
6 дугаар  зүйл
Гаалийн байгууллагууд Хэлэлцэн тохирогч талуудын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гаалийн хууль тогтоомж зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нь илэрсэн, эсхүл төлөвлөгдсөн ажиллагааны талаар дор дурьдсантай холбогдох бүх мэдээллийг өөрийн санаачлагаар, эсхүл нөгөө талын хүсэлтээр харилцан бие биедээ нэн даруй гаргаж өгнө:
а) зэр зэвсэг, буу, тэсэрч дэлбэрэх зүйлс;
б) түүх, соёл, археологийн чухал ач холбогдол бүхий урлагын зүйл;
в) хордуулах үйлчилгээтэй, түүнчлэн хүрээлэн буй орчин, нийтийн эрүүл мэндэд аюултай бараа, бодис;
г) цацраг идэвхт элементүүд;
д) гаалийн буюу бусад албан татварын өндөр хувь хэмжээ тогтоогдсон бараа, ялангуяа согтууруулах ундаа, тамхины төрлийн бараа;
е) тарифын бус хязгаарлалтад хамрагдах онц сонирхлын болон стратегийн ач холбогдол бүхий бараа;
ё) мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис.
7 дугаар  зүйл
Гаалийн байгууллагууд өөрийн санаачлагаар, эсхүл нөгөө талын хүсэлтээр дараах мэдээллийг харилцан  бие биедээ гаргаж өгнө:
а) хүсэлт гаргасан гаалийн байгууллагын улсын нутаг дэвсгэрт оруулсан бараа нөгөө улсын нутаг дэвсгэрээс хууль ёсны дагуу гарсан эсэх;
б) хүсэлт гаргасан гаалийн байгууллагын улсын нутаг дэвсгэрээс гарсан  бараа нөгөө улсын нутаг дэвсгэрт хууль ёсны дагуу орсон эсэх, мөн хэрэв гаалийн горимтой бол тухайн бараанд гаалийн ямар горимоор бүрдүүлэлт хийсэн.
8 дугаар  зүйл
Гаалийн байгууллагууд өөрийн санаачлагаар, эсхүл нөгөө талын хүсэлтээр дор дурьдсан зүйлийн тухай мэдээллийг харилцан бие биедээ гаргаж өгнө:
а) нөгөө улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гаалийн хууль тогтоомжийг  зөрчсөн этгээд;
б) хууль бус эргэлтэд орсон бараа;
в) нөгөө улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гаалийн хууль тогтоомжийг  зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл.
9 дүгээр  зүйл
1. Гаалийн байгууллагууд өөрийн  нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гаалийн хууль тогтоомж зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй төгс, эсхүл төлөвлөгдсөн ажиллагааны тухай байгаа бүх мэдээллийг агуулсан бичиг баримт, эсхүл тэдгээрийн баталгаат хуулбар, өөр бусад нотлох баримтыг, өөрийн санаачлагаар, эсхүл нөгөө талын хүсэлтээр харилцан бие биедээ гаргаж өгнө.
2. Бичиг баримтын эх хувийг зөвхөн тэдгээрийн баталгаат хуулбар хангалтгүй байх тохиолдолд нэхэмжилнэ.
3. Хэлэлцэн тохирогч талын гаалийн байгууллагаас хүлээн авсан бичиг баримтын эх хувийг аль болох богино хугацаанд буцаан хүргүүлнэ.
10 дугаар  зүйл
Энэхүү Хэлэлцээрт тусгагдсан бичиг баримтыг тухайн зорилгоор аливаа хэлбэрээр үйлдсэн компьютерийн мэдээллээр орлуулж болно. Ингэхдээ түүнийг тайлбарлах, ашиглахтай холбогдсон бүх мэдээллийг нэгэн зэрэг хүргүүлнэ.
Мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх
11 дүгээр  зүйл
1. Гаалийн байгууллагууд мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлтийг мөрдөн шалгах, таслан зогсоох, түүнтэй тэмцэх зорилгоор, нөгөө талаас хүсэлт гаргахыг хүлээлгүйгээр, боломжийн богино хугацаанд дараах зүйлсийн талаарх мэдээллийг харилцан бие биедээ хүргүүлнэ:
а) энэхүү зүйлийн 1-д заасан бодисуудыг хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд болон тэдгээрийн эргэлтэд холбогдсон этгээд;
б) энэхүү зүйлийн 1-д заасан бодисуудыг хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд ашигласан аливаа тээврийн хэрэгсэл, чингэлэг, илгээмж.
2. Гаалийн байгууллагууд энэхүү зүйлийн 1-д заасан бодисуудын хууль бус худалдаа хийхэд ашигласан арга, хэрэгсэл, мөн түүнчлэн шинэ арга, хяналтын үр дүнгийн талаарх мэдээллийг нөгөө талаас хүсэлт гаргахыг хүлээлгүйгээр харилцан нөгөө талдаа гаргаж өгнө.
3. Энэхүү зүйлийн 1, 2 дугаар заалтыг энэхүү зүйлийн 1-д заасан бодисыг үйлдвэрлэхэд хэрэглэсэн бодисуудад хамааруулж болно.
4. Хар тамхинд дасах, мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисыг хууль бусаар худалдах явдалтай тэмцдэг Хэлэлцэн тохирогч талуудын төрийн байгууллагын бусад албадад энэхүү зүйлийн 1, 2–т заасан мэдээллийг дамжуулж болно. Гэвч энэхүү мэдээллийг гуравдагч талд дамжуулж болохгүй.
Мөрдөн шалгах ажиллагаа
12 дугаар зүйл
1. Хүсэлт хүлээн авсан гаалийн байгууллага гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй холбогдуулан албан ёсны мөрдөн шалгах бүхий л ажиллагааг нөгөө талын хүсэлтээр санаачлан явуулна. Ийм хүсэлтийн дагуу хийгдсэн ажиллагааны үр дүнг хүсэлт гаргасан гаалийн байгууллагад хүргүүлнэ.
2. Мөрдөн шалгах ажиллагааг хүсэлт хүлээн авсан гаалийн байгууллагын улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу явуулна. Мөрдөн шалгах ажиллагааг хүсэлт хүлээн авсан гаалийн байгууллага  өөрийн нэрийн өмнөөс явуулж байгаа гэж үзнэ.
3. Хэлэлцэн тохирогч нэг Талын гаалийн байгууллагын ажилтнууд онцгой тохиолдолд Хэлэлцэн тохирогч нөгөө Талын гаалийн байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр, нөгөө талын нутаг дэвсгэрт энэхүү зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулахад байлцаж болно.
Шинжээчийн ба гэрчийн этгээд
13 дугаар зүйл
1. Гаалийн байгууллага, нөгөө талын хүсэлтээр, энэхүү Хэлэлцээрт  тусгагдсан асуудлаар гаалийн байгууллагуудын Улсын нутаг дэвсгэрт явуулах шүүхийн шүүн таслах болон захиргааны байгууллагын хянан шалгах ажиллагаанд өөрийн ажилтнуудыг эрх хэмжээнийхээ хүрээнд шинжээч буюу гэрчийн этгээдийн эрхтэйгээр оролцох, мөн тухайн шүүн таслах үйл ажиллагаанд шаардагдах эд зүйл, бичиг баримт, эсхүл тэдгээрийн батлагдсан хуулбарыг гаргаж өгөхийг зөвшөөрч болно. Ийнхүү харилцан ирэхийг хүссэн аливаа хүсэлтэд тухайн ажилтан ямар хэргээр, ямар эрхтэйгээр оролцохыг заасан байвал зохино.
2. Шүүн таслах ажиллагаанд гэрчийн этгээд буюу шинжээчийн эрхтэй оролцох ажилтан, хэрэв өөрийн Улсын, эсхүл хүсэлт гаргасан гаалийн байгууллагын Улсын хуулийн дагуу гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй буюу үүрэгтэй бол, тийнхүү гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалдах эрх ямба эдлэнэ.
3. Энэхүү Хэлэлцээрт заагдсан нөхцөл байдлын улмаас ажилтнууд нөгөө Улсын нутаг дэвсгэрт байх бол тэдгээр нь өөрсдийн албан ажлын эрх хэмжээг хэзээ ч нотлон харуулах боломжтой байна. Тэд дүрэмт хувцас өмсөх, буу зэвсэг авч явах шаардлагагүй.
Мэдээлэл, бичиг баримт ашиглах
14 дүгээр зүйл
1. Энэхүү Хэлэлцээрийн дагуу хүлээн авсан мэдээлэл, бичиг баримтыг зөвхөн энэхүү Хэлэлцээрт заасан зорилгоор ашиглана. Хүсэлт гаргасан гаалийн байгууллага бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд тэдгээрийг бусдад дамжуулж, эсхүл өөр зорилгоор ашиглаж болохгүй.
2. Энэхүү Хэлэлцээрийн дагуу аливаа хэлбэрээр дамжуулсан бүх мэдээллийг нууц гэж үзнэ. Хүлээн авсан байгууллага тэдгээрийг албаны нууц гэж тооцож, өөрийн Улсын холбогдох хуулиар ижил төрлийн бичиг баримт, мэдээллийг хамгаалдгийн нэгэн адилаар хамгаална.
3. Гаалийн байгууллагууд хүлээн авсан мэдээлэл, бичиг баримтыг  энэхүү Хэлэлцээрийн зорилго, үйлчлэх хүрээнд нийцүүлэн дараах ажиллагаанд нотлох баримт болгон ашиглана:
a) мэдээлэл боловсруулах, мэдээ гаргах болон нотлох баримт үйлдэх;
б) шүүх болон бусад байгууллагын шүүн таслах үйл ажиллагаа.
Тийм мэдээлэл, бичиг баримтыг  шүүхэд нотлох баримт болгон ашиглах, тэдгээрт ямар ач холбогдол өгөх асуудал нь хүлээн авсан Улсын хуулиар тодорхойлогдоно.
Туслалцаа үзүүлэх хүсэлтийн хэлбэр ба агуулга
15 дугаар зүйл
1. Энэхүү Хэлэлцээрт заасан хүсэлтийг бичгээр үйлдэнэ. Тэрхүү хүсэлтийг биелүүлэхэд шаардагдах бичиг баримтыг уг хүсэлтэд хавсаргана. Нөхцөл байдлын улмаас яаралтай тохиолдолд амаар гаргасан хүсэлтийг хүлээн авч болох боловч түүнийг нэн даруй бичгээр баталгаажуулна.
2. Энэхүү зүйлийн 1-д заасны дагуу гаргасан хүсэлтэд дараах мэдээллийг оруулсан байна:
а) хүсэлт гаргасан гаалийн байгууллага;
б) шүүн таслах үйл ажиллагааны шинж;
в) хүсэлтийн утга болон хүсэлт гаргах болсон шалтгаан;
г) шүүн таслах үйл ажиллагаанд оролцох этгээдийн нэр, хаяг;
д) хянан үзэж буй асуудлын товч тодорхойлолт, хэргийн бүрэлдэхүүн.
3. Хүсэлтийг хүлээн авсан гаалийн байгууллагын Улсын албан ёсны хэл, англи хэл эсвэл уг байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хэл дээр гаргана.
4. Хэрэв аливаа нэг хүсэлт нь албан шаардлага хангаагүй бол түүнийг залруулах, гүйцэд бүрдүүлэхийг шаардаж болох боловч энэ нь нэн яаралтай авах арга хэмжээг хойшлуулах үндэслэл болохгүй.
Туслалцаа үзүүлэхээс татгалзах
16 дугаар зүйл
1. Хэрэв гаалийн байгууллага хүсэлтийг биелүүлэх нь өөрийн Улсын тусгаар тогтнол, нийгмийн хэв журам, аюулгүй байдал, өөр бусад амин чухал эрх ашигт харш гэж үзвэл, тийм туслалцааг бүрэн, эсхүл зарим байдлаар үзүүлэхээс татгалзаж, эсхүл уг туслалцааг тодорхой нөхцөлтэйгээр үзүүлж болно.
2. Хийгдэж байгаа мөрдөн шалгах, прокурорын болон шүүн таслах ажиллагаанд саад учруулна гэж үзэх үндэслэл байгаа тохиолдолд Хүсэлт хүлээн авсан тал туслалцааг хойшлуулж болно. Ийм тохиолдолд Хүсэлт хүлээн авсан байгууллага нь Хүсэлт гаргасан байгууллагатай Хүсэлт хүлээн авсан байгууллагын зүгээс тавигдаж болох ийм нөхцөл, хугацааны үндсэн дээр туслалцаа үзүүлж болохыг тогтоох үүднээс зөвлөлдөж болно.
3. Хэрэв туслалцаа үзүүлэхээс татгалзсан бол тийнхүү татгалзсан тухай шийдвэр, шалтгааны талаар хүсэлт гаргасан гаалийн байгууллагад бичгээр даруй мэдэгдэнэ.
4. Хэрэв гаалийн байгууллага туслалцаа үзүүлж үл чадах асуудлаар туслалцаа хүсвэл холбогдох хүсэлтэд энэ тухай заана. Ийм хүсэлтийг биелүүлэх эсэхийг хүлээн авсан гаалийн байгууллага өөрөө шийднэ.
Техникийн ажиллагааны туслалцаа
17 дугаар зүйл
Гаалийн байгууллагууд дараах асуудлаар харилцан техникийн туслалцаа үзүүлнэ:
а) нөгөө талын арга ажиллагааны талаарх ойлголтыг дээшлүүлэх зорилгоор харилцан ашигтай бол гаалийн ажилтан солилцох;
б) Монголын гаалийн ажилтнуудын мэрэгшлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулж, туслалцаа үзүүлэх;
в) цацраг идэвхт махбод, хорт бодисыг илрүүлэх тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар мэдээлэл, туршлага солилцох;
г) мэргэжилтэн солилцох.
Зардал
18 дугаар зүйл
Гаалийн байгууллагууд энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад гарсан төрийн албан хаагч бус шинжээч, гэрчийн этгээд, орчуулагчийн зардлаас бусад зардлыг нөхөн төлүүлэх талаар нэхэмжлэл гаргахгүй.
Хэлэлцээрийг хэрэгжүүлэх
19 дүгээр зүйл
1. Энэхүү Хэлэлцээрт заасан туслалцааг гаалийн байгууллагууд өөр хоорондоо шууд үзүүлнэ. Тэдгээр нь энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор нарийвчилсэн арга хэмжээг харилцан тохиролцоно.
2. Гаалийн байгууллагууд тэдгээрийн хяналт, шалгалтын хэлтэс, албад өөр хоорондоо шууд харьцах арга хэмжээ авч болно.
Хэлэлцээр хүчин төгөлдөр болох, цуцлах
20 дугаар зүйл
1. Энэхүү Хэлэлцээр нь Хэлэлцэн тохирогч Талуудын Улсуудын хууль зүйн бүх журмын дагуу батлагдах бөгөөд энэ тухай дипломат нотоор харилцан мэдэгдэнэ. Хэлэлцээр нь сүүлчийн  мэдэгдэл хүлээн авснаас хойш гуч хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
2. Энэхүү Хэлэлцээрийг тодорхой бус хугацаагаар байгуулав. Энэхүү Хэлэлцээрийг Хэлэлцэн тохирогч аль нэг талын мэдэгдсэнээр цуцлаж болох бөгөөд уг Хэлэлцээр нь түүнийг цуцлах тухай Хэлэлцэн тохирогч нөгөө талын нотыг хүлээн авснаас хойш 6 сарын дараа хүчингүй болно.
Энэхүү Хэлэлцээрийг 1999 оны 09 сарын 28 өдөр Улаанбаатар хотноо монгол, турк, англи хэлээр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.
Энэхүү Хэлэлцээрийн талаар санал зөрвөл англи хэл дээрх эх бичвэрийг баримтална.
Дээрхийг гэрчилж дор гарын үсэг зурагсад зохих ёсоор олгогдсон эрхийнхээ дагуу энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурав.

Монгол Улсын         Бүгд Найрамдах Түрк Улсын
Засгийн газрыг төлөөлж            Засгийн газрыг төлөөлж

 

 

Links