Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Agreement on cooperation in education, science, culture and sports PDF Print E-mail
Wednesday, 25 August 2010 04:06

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Түрк Улсын Засгийн газар /цаашид Хэлэлцэн тохирогч Талууд гэж нэрлэнэ/ түүх, соёлын уламжлалт харилцаанд түшиглэн , хоёр орны ард түмний найрсаг харилцаа, харилцан ойлгох, соёлын нийтлэг өвийг баяжуулах зорилгоор соёл, шинжлэх ухаан, боловсрол, спортын салбарт дараах чиглэлээр харилцаа хөгжүүлэхээр шийдвэрлэв.
1 дүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээллийн салбарт хоёр орны хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, энэ зорилгоор шаардагдах алхмуудыг хийх болно.
2 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд тус тусын их, дээд сургууль, шинжлэх ухаан, техникийн байгууллагуудын хооронд төрөл бүрийн салбарт шууд харилцаа тогтоон хамтын ажиллагааны протокол байгуулах явдлыг хөхүүлэн дэмжинэ.
3 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд хоёр орны хооронд шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллах явдлын ач холбогдлыг ойлгосны үндсэн дээр шинжлэх ухааны төсөл болон хөтөлбөрүүдийг харилцан солилцох, шинжлэх ухааны бага хурал, уулзалт зохион байгуулах, мэргэжилтнүүдийг сургах, солилцох хийгээд эрдэм шинжилгээний уулзалт зохион байгуулахыг дэмжинэ.
4 дүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд бага, дунд болон техникийн мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллаж, ном, боловсролын холбогдолтой мэдээллийг оролцуулан боловсролын тоног төхөөрөмж харилцан солилцоно.
5 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд театр, хөгжим, дуурь, бүжгин жүжиг болон урлагын бусад салбарын хамтын ажиллагааг хөхүүлэн тэтгэж энэ үүднээс харилцан айлчлах, хамтран ажиллах явдлыг дэмжинэ.
6 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд үзэсгэлэн байгуулах явдлыг дэмжин, тэдгээрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ.
7 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд хөгжмийн төрөл бүрийн хамтлаг жүжигчдийг харилцан солилцохоор шийдвэрлэв.
8 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд харилцан нөгөө талын уран зохиолыг өөрийн оронд танилцуулах ажлыг дэмжин, энэ зорилгоор шаардлагатай алхмуудыг хийнэ.
9 дүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд кино урлагын салбарт хамтын ажиллагааны харилцаа холбоо тогтоохыг дэмжинэ.
10 дугаар зүйл
Хоёр тал түүхийн нийтлэг хөшөө дурсгалыг сэргээн засварлах явдалд дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ салбарт харилцан боломжийн хэрээр шаардлагатай туслалж үзүүлнэ.
11 дүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд радио, телевизийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин программ солилцоход туслах болно.
12 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд хэвлэл, мэдээллийн агентлагуудын хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх явдлыг дэмжинэ.
13 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд залуучуудын байгууллагуудын хамтын ажиллагаа, мөн залуучуудын хэсэг харилцан солилцох явдлыг дэмжинэ.
14 дүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд спортын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ үүднээс тамирчид, мөн дээрх байгууллагын удирдлага болон дасгалжуулагчдыг харилцан солилцож, спортын арга хэмжээ зохион байгуулахад чиглэсэн шаардагдах алхмуудыг хийнэ.
15 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Тал тус бүр соёлын төв байгуулах болон түүний үйл ажиллагааны тухай шаардлагатай зөвшөөрлийг өөрийн оронд мөрдөж буй хууль, дүрмийн дагуу олгох бөгөөд уг төвийн үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгоход чиглэсэн шаардлагатай арга хэмжээ авна.
16 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү хэлэлцээрт дурдсан арга хэмжээнүүдийг хоёр засгийн газрын эрх бүхий төлөөлөгчдийн хамтран боловсруулах солилцооны программын дагуу хэрэгжүүлнэ.
17 дугаар зүйл
Энэхүү Хэлэлцээр нь хуулийн дагуу шаардагдах бүхий л арга хэмжээг бүрдүүлсэн тухай нэг тал нөгөөдөө дипломат шугамаар бичгээр мэдэгдсэний дараа хүчин төгөлдөр болно. Хэлэлцээр нь таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд цуцлах тухайгаа аль нэг тал нь хугацаа дуусахаас 3 сарын өмнө бичгээр мэдэгдэхгүй ахул тав, таван жилээр аяндаа сунгагдаж байх болно.
Энэхүү Хэлэлцээрийг 1992 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Анкара хотноо монгол, турк хэлээр тус бүр хоёр  хувь үйлдсэн бөгөөд эх хувиуд нь адил хүчинтэй байна.

Монгол Улсын         Бүгд Найрамдах Түрк Улсын
Засгийн газрын өмнөөс            Засгийн газрын өмнөөс

 

Links