Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монгол Улс, Бүгд Найрамдах Түрк Улс хоорондын хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 03:53

Монгол Улс, Бүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхий сайд нар хоёр орны харилцааг түүх, соёл, зан заншлын найрсаг уламжлалд тулгуурлан эрх тэгш, харилцан ашигтай байх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох үндсэн зарчмын дагуу амжилттай хөгжиж ирснийг нотлон цаашид иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцов.

Талууд Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Ерөнхий сайдын түвшинд анх удаа хэрэгжиж буй энэ айлчлал хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Талууд Монгол, Түркийн харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхэд юуны өмнө эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхийн чухлыг онцлон заав. Эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ойрын хугацаанд Түркийн дэвшилтэт барилгын технологийг Монголын барилгын салбарт нэвтрүүлэх, Монголын арьс, ширний салбарын бүтээгдэхүүнийг дэлхийн стандартын хэмжээнд хүргэх чиглэлээр хамтран ажиллах, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт тодорхой төсөл боловсруулж хэрэгжүүлэхээр тохиролцов.

Талууд дээрх салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааны томоохон төсөлд Түркийн ЭКСИМ банкны Монгол Улсад үе шаттайгаар олгохоор хуваарилсан 20 сая ам.долларын зээлийг хоёр талын харилцан тохиролцох нөхцөлөөр ашиглахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Талууд Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн түүхэн ойг тэмдэглэх хүрээнд Чингис хаан түүний өв залгамжлагч нарын эд өвийн үнэт, ховор зүйлсийг эртний түрэгийн үеийн Билгэ хаан, Гүлтегин, Тоньюкүкийн хөшөө дурсгалын олдвороор баяжуулан 2006 онд Истанбул, Анкара хотноо үзэсгэлэн гаргах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Хоёр тал Монголын эртний нийслэл Хархорин хотоос эртний Түрэгийн Билгэ хаан, Күлтегиний гэрэлт хөшөө бүхий Орхоны хөндий хүртэл БНТУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар авто зам тавих ажил эхэлж байгаа нь хоёр орны ард түмний найрсаг харилцааг илэрхийлсэн чухал үйл явдал болохыг тэмдэглэв.
Хоёр тал өргөжин тэлж буй соёл, боловсрол, эрдэм шинжилгээний салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид ч идэвхжүүлэн  хөгжүүлэхэд шийдвэр төгс байгаагаа илэрхийлэв. Түркийн тал БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Түркийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмэгдүүлэхээр шийдсэнд монголын тал талархаж байгаагаа илэрхийлж, цаашид боловсролын салбар дахь хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Түркийн тал Монголын цэргийн сургалт, тоног төхөөрөмжийн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд бололцооны хэрээр үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Талууд энэ талаарх яриа хэлэлцээг холбогдох байгууллагуудын хооронд үргэлжлүүлэхээр харилцан тохиролцов.
Талууд байгаль орчин, нийгмийн салбар, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхэд хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгтэй байгаагаа тэмдэглэв.

Хоёр тал Анкара болон Улаанбаатар хотуудад харилцан газар түрээслэх болон Элчин сайдын яамдуудын барилгын эзэмшлийн гэрээг байгуулсанд тааламжтай байгаагаа илэрхийлж, цаашид энэ хүрээнд хийгдэх ажлуудын чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцов.
Ерөнхий сайд нар хоёр улсын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг НҮБ-ын Дүрэм болон олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний дагуу улам бүр хөгжүүлэх нь хоёр улсын эрх ашиг, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
Талууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2009-2010 оны суудалд нэрээ дэвшүүлж буй тус хоёр улс бие биенээ харилцан дэмжих болсон нь олон улсын байгууллагын хүрээнд хөгжүүлж буй хоёр улсын хамтын ажиллагааны нэг чухал илрэл гэдгийг тэмдэглэв. Цаашид Евроази, Төв Азийн бүс нутаг, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.
Монгол Улс, Бүгд Найрамдах Түрк Улс терроризмын бүх хэлбэр, илрэлийг эрс буруушааж, терроризмыг зөвтгөх ямар ч шалтгаан байх ёсгүй гэсэн байр сууриа дахин нотлов.

Талууд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс дэмжиж буй өргөн хүрээтэй шийдэл болохуйц хэлэлцээрийг Кипрт хэрэгжүүлж чадаагүй хийгээд түүхэн боломжийг алдсанд харамсаж байна. Энэ хүрээнд талууд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан уриалгыг дэмжиж байна. Талууд Киприйн түркчүүдын хийсэн зоримог алхамд баяр хүргэж, Киприйн хоёр тал нэг нь нөгөөгөө төлөөлөхгүй учир Киприйн түрк ард түмнийг олон улсын хамтын нийгэмлэгт нэгтгэн оруулахын тулд ганцаардмал байдлыг нь эцэс болгоход чиглэсэн хүч чармайлт гаргана гэдэгт итгэж байна.

Түркийн тал ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих явцдаа Монгол Улсын олж байгаа амжилтыг өндрөөр үнэлж, түүх, соёл, төрт ёсны баялаг уламжлалтай Монголын ард түмэн олон улсын тавцанд өөрийн байр сууриа улам бэхжүүлэхэд бүх талаар үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэв.
Монгол тал ах дүү Түркийн ард түмэн хүн төрөлхтний хөгжил дэвшилд хөл нийлүүлэн амжилт дүүрэн хөгжин цэцэглэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНТУ-ын Засгийн газраас Европын Холбоонд элсэх чиглэлд олж буй амжилтыг өндрөөр үнэлж, сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Талууд Бүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоаны 2005 оны 7 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэх, өндөр дээд хэмжээний яриа хэлцээний давтамжийг ойртуулан хадгалахад чухал хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.

2005 оны 7 дугаар сарын 19, Улаанбаатар хот

 

Холбоос