Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ХОЁР.УЛС ТӨРИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО PDF Хэвлэх И-мэйл

10.Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус улсын аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад оршино.

11.Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална.

12.Монгол Улс олон улсын эрх зүйг хүндэтгэн сахиж, гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.

13.Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна. Тухайлбал:
- ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох;

- цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, НҮБ-ын болон олон улсын бусад энхийг дэмжих, сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцох;

- уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг багасгах, байгаль орчныг доройтлоос хамгаалах, гоц халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг дэмжин оролцох.
14.Монгол Улс улс төрийн гадаад харилцааны бодлого хэрэгжүүлэхдээ дараахь чиглэлийг баримтална:

14.1.ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах;

14.2.АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;
14.3.Азийн бусад улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа  хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцох;
14.4.Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд болон олон улсын санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэх, дэлхийн засаглал дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллах;
14.5.хөгжиж байгаа улсуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Нэгдсэн Үндэстний Байгууллага, “77”-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон талын хүрээнд хамтран ажиллах.
15.Улс төрийн гадаад харилцааны бодлогын чиглэлүүдийг харгалзан тус улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын байршлыг тогтоож, гадаад бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг сайжруулна.  
16.Хөгжлийн эрэлт хэрэгцээ, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн гадаад бодлогын судалгаа, шинжилгээ, гадаад харилцааны мэргэшсэн хүний нөөцийн бэлтгэл, сургалтын тогтолцоо бүрдүүлнэ.

17.Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газарт дипломат алба, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, технологийн талаар өндөр мэдлэг, боловсролтой, мэргэшсэн ажилтанг оролцуулан томилж, сэлгэн ажиллуулах бодлого баримтална.

 

Холбоос